ОХУ бензин шатахууны экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоолоо гэх мэдээлэл гарсан даруйд Монголд сүйд болж байна. Колонкууд дээр урт урт дараалал үүсээд, бараг шөнөжин нойргүй очерлоод. Бусдаасаа өрсөж таван литр бензин авах гэж үхэлдэж байна.

АИ92 болон дизель түлшний 30 хоногийн нөөцтэйг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн. Тэгэхээр нөөцөнд байгаа жаахан шатахуунаараа хэдүүлээ юуны түрүүнд тариагаа хураагаад авчихъя. Өдөр шөнөгүй үхэлдэн очерлож, ар өврийн хаалгаараа дамжуулан хуваагаад “уучих” биш намрын ургац хураалтын ажилдаа зарцуулж энэ өвөл идэх гурилтай, бага сага хүнсний ногоотойгоо сууж байя.

Тэгээд нөөцөнд жаахан юм үлдвэл автобусандаа хийчихээд бүгдээрээ явган явцгааж байсан ч яадаг юм. Ямар ч байсан идэх хоолтойгоо байхад учир олдоно. Орос бензин өгөхөө болилоо гэдгийг сонсоод Монголд юу болдог гэж санана. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн оросыг магтсан, долгиносон, ая тал зассан, зусардсан сэтгэгдэл, постууд урсаж гарна. Яг одоо оросыг магтсан ийм шившигтэй үер болж байна. “Барууныг дэмжсэнийхээ горыг харж байна уу, та нар. Орос шатахууны крантаа хаачихлаа. Одоо бид яах юм бэ” гээд л урваганаж шарвагнасан, айж бэмбэгнэсэн, чичирсэн өрөвдмөөр дүр зураг Монголын нийгмээс нэвт ханхалж байна.

Монголчууд аа, та нар яагаад ийм аймхай, хулчгар дорой үхээнц юм бэ. Шатахуун гэхээр энэ дэлхий дээр ганцхан орос байдаг юм шиг өрөвдмөөр, хөөрхийлөлтэй ичгэвтэр байдлаасаа одоо салаач ээ. Оросыг уурлуулчихвал бензинээ өгөхөө больчих нь гээд л Орос Украины дайн эхлэхэд л орилолдсон. Сая тэгээд экспортоо зогсоолоо гэж дэлхий нийтэд зарлахад нь бүр амь тавьцгааж байна. Монголчууд бид Орост яаж ч долгиноод, Роснефть болон төр засгийн хэмжээнд гэрээ хэлэлцээр хийгээд ч эцэст нь зүгээр л шатахуунаа хаачихаж л байгаа биз дээ. Бидэнд ингэж дээрэнгүй хандаж, зүгээр л доромжлон тохуурхдагийг нь харж байна уу.

Ер нь ингээд харахад оросын шатахуун гэдэг зүйл бараг шашин шиг болчихжээ. Оросоор оролдож болохгүй, шатахуунаа хаачихна шүү гэж дарга цэрэггүй, дээр дооргүй гүйлдээд л.

Яг л шашин шиг, шашны зан үйл шиг. Аливаа улс үндэстнийг шашнаар нь, зан үйлээр нь л огтоос оролдож болдоггүй юм гэх ухагдахуун хүн бүхэнд баттай суусан байдаг шиг шатахуунаар нь хөдлөх аргагүй болтол нь атгачихсан. Шатахуун гэнгүүт яг л шашны сүсэг бишрэл шиг монголчуудын тархинд зурсгээд буудаг. Туурга тусгаар улс гүрэн ийм ичмээр өрөвдөлтэй байхыг харна гэдэг аймшиг. Ард түмнийг ийм байдалд эрх баригч Монгол ардын нам л оруулсан. Шатахууныг 100 хувийн хараат болгоод, эцэстээ шашин шиг болгочихсон. Ардчилсан нам засгийн эрх барьсан тэрхүү зурвас үед оросоос ганцхан шатахуун авдаг гэх ойлголтыг өөрчлөх гэж үзэж байсныг бид мэднэ.

2012-2014 оны үед дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар хүрч байсан. Гэтэл тухайн үед манайх оросоос нэг барреллийг нь 380 ам.доллар буюу бараг гурав, дөрөв дахин нугалж авч байсан. Орост ингэж шулуулдгаа больё гээд Солонгосоос бензин оруулж ирж байсан. Энэ талаар тухайн үед Уул уурхайн яамыг толгойлж байсан “Бридж” Д.Ганхуяг “Хятадын Петро Чайна компанид Монголын төр санал тавьсан. Бид хэтэрхий өндөр үнээр ганцхан компаниас авч байгаа учраас хараат болчихоод байна гэдгээ хэлсэн. Хятадын тал болохгүй зүйл байхгүй, харин ямар үнээр авах гэж асуусан. “Танай нефть Сингапурын биржийн үнээр тодорхойлогддог. Тэр үнээрээ л бидэнд өгөхгүй юу” гээд хоёр тал албан ёсоор гэрээ хэлэлцээ хийж байлаа. Ингэж Хятадаас хамаагүй хямдаар шатахуун авч байсан. Мөн Солонгосоос оруулж ирж байсан. Ингэж бид бүхэн ОХУ-аас авдаг байсан шатахуун бензиний импорт 100 хувь байсныг 70 хувь болтол бууруулж байсан. Хэрвээ орос экспортоо зогсоочихвол бидэнд Хятад, Солонгосоос шатахуун авах бүрэн боломжтой” гэдгийг хэлсэн.

Ингэж Ардчилсан нам засаг барих үед шатахуун дээр Оросын нөлөөлөл 100 хувь байсныг 70 болтол нь бууруулж байсан түүх бий. Харин өнөөдөр өнөө 100 хувь нь бүр 150 хувь болчихоод шатахуун гэдэг нь Монголд шашин шиг ноёлчихоод байна. МАН бол оростой нөхөрлөдөг нам. Яаж ийж байгаад нөхөрлөчихдөг, оросуудын байгуулж өгсөн нам ч гэдэг. Хэрвээ орос Монголыг эзэрхийлээд ороод ирлээ гэхэд Монгол ардын намд ямар ч гарзгүй. Оростойгоо нийлээд төрөө бариад явчихна. Хуучин тийм л байсан. Харин жирийн ард түмэн бол оросуудад ад шоо үзэгдэн амьдарч яваа буриад, тува хоёрын дараа л жагсах байх. Орос Украины дайнд монгол ахан дүүс болох буриад, тува хоёр л үхээд дуусч байгааг бид харж байгаа биз дээ.

Оростой нийлбэл буриад туваг нь хамгаалж тэмцсээр эцэст нь монголчууд бид үхэж дуусах ийм л амьдрал хүлээж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр хямдхан хямдхан гэж гүйгээд оросын шатахуун гэдэг тоногонд хүзүүгээ углаж өгөөд энэ чигтээ дуусах уу. Ийм дарамтан дор монголчууд бид цааш амьдрах ёстой юу. Ашигт малтмал газрын тосны дарга Л.Баярмандалаас “Нэг улсаас шатахууны 100 хувийн хамааралтай байна гэдэг эрсдэл дагуулж байна, дайн нөлөөлж байна. Хятадаас юм уу өөр улсаас нефтийн бүтээгдэхүүн авах гэрээ хэлэлцээр хийж болдоггүй юм уу” гэж асуухад “Бид шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг, үлдсэн таван хувийг БНХАУ-аас авдаг. Хятадаас авч болох ч үнэ өндөр. Тээврийн үнэ өндөр учраас илүү үнэтэй болно” гэх хариултыг өгч байсан.

Уул уурхай, үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ч гэсэн “Өөр улсаас шатахуун авах бараг боломжгүй. Тээвэрлэж авчирч чадахгүй” гэсэн маш өрөвдмөөр хариулт хэлээд зогсож байна лээ.

Улс орны тусгаар тогтнолоос үнэтэй тээвэр, шатахуун гэж байх уу.

Ардын намын эрх баригч нөхөд өө. Алийн болгон ингэж алгын чинээ болж үхээнц дорой амьдрах юм бэ. Шатахуунаа Хятадаас, Солонгос авч байсан олон гарц байна. Саяхан Арабын ханхүү айлчиллаа гэсэн. Арабаас хүртэл шатахуунаа авчих боломж бүрэн байна. “Арабаас ийм ийм улсаар дамжуулаад, ингээд аваад ирэх боломж байна” гэдгийг эдийн засагчид, стратеги судлаачид хэлсээр ирсэн. Шатахуунаар тусгаар тогтнолоо сольж болохгүй. Приус унаж галзуурсан ард түмэн маань шатахуунаар тусгаар тогтнолоо сольсон ч яадаг юм гэж бархиралдаж байгааг хараад үнэндээ хэлэх үг олдохгүй юм. Бид өөрсдийгөө улны гэдэг. Тусгаар тогтнолоо шатахуунаар сольё гэж нийтээрээ орилолдож байгаа хүмүүсийг чинь улны гэхээс өөр юу гэх юм бэ, үнэндээ. Улс орон оршин тогтноход хатуу хууль цааз хэрэгтэй байдаг. Улс орныхоо тусгаар тогтнолоос ухарч байгаа нөхдөд хатуу арга хэмжээ үзүүлж, төр төмөр нүүрээ харуулах цаг ирсэн байна. Энэхүү улс гүрнийг зүгээр нэг шатахуунаар сольчихолгүй хөмхийгөө зуугаад аваад үлдчих зоригтой, эх оронч аавын хүү Монголын эрх баригчдын дунд эрх биш байгаа байлгүй дээ гэж итгэж байна.

Шатахуунаар тусгаар тогтнолоо солино гэж байхгүй ээ. Ёстой битгий горьдоцгоо. Харин үүний эсрэг эцсийнхээ цусыг дуустал хэн бүхэн тэмцэх ёстой. Тиймээс байгаа жаахан шатахууныхаа нөөцөөр тариа будаагаа хураагаад авъя. Идэх хоолтойгоо байхад бүгдээрээ явган ч хамаагүй таваргаж, амьд хүн аргатай гэгчээр дараагийнхаа арга замыг бодоцгооё. Ямар чиг л байсан оросын шатахуун гэдэг дөнгөнд хүзүүгээ углаад өгч яавч болохгүй.