Соёлын сайд Ч.Номин дэлхий даяар 1.6 тэрбум хэрэглэгчтэй “Тикток” компанийн олон улсын бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рютэй уулзлаа.

Уулзалтаар "Тикток" олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах, хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Тикток” цахим сүлжээнд монголын контент бүтээгчдийг олон улсын зах зээлд танигдахад туслах, тус цахим сүлжээнд олон сая дагагчидтай контент бүтээгчдийг Монгол Улсад урьж, Монгол Улсын талаар контент бүтээх зэрэг асуудлаар ярилцав.

Мөн уулзалтаар “Тикток” компанийн олон улс дахь бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рю БНСУ-ын Бусан хотноо болох олон улсын контент бүтээгчдийн форумд Монгол Улсын контент бүтээгчдийг оролцохыг урилаа.

“Тикток” аппликейшн дэлхий даяар 1.6 тэрбум, идэвхтэй 1.1 тэрбум хэрэглэгчтэй олон нийтийн цахим сүлжээ юм. "Тикток" олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн 47 хувь нь 30-аас доош насныхан байдаг.