16 дах удаагийн “Азийн олон улсын хүүхдийн кино наадам” ирэх арванхоёрдугаар сард Японы Хёого мужийн Минами Аважи хотод болно. Тус наадмын Монгол улс дахь урьдчилсан шалгаруулалтыг СУИС-с эхлүүлжээ. Энэ удаагийн наадмын сэдэв нь МИНИЙ ХҮСДЭГ ЗҮЙЛ...бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,  Коосэн технологийн коллежийн 1-3-р дамжааны оюутнууд, МСҮТ-ийн 1-3-р дамжааны оюутнууд оролцох боломжтой юм.

Бүтээлийн шалгуур:

• Зохиол, зураг авалт, найруулга, эвлүүлэг нь бүгд хүүхдийн өөрийн бүтээл байх. Жүжигчнээр том хүн тоглуулж болно.

• Мэргэжлийн бус камер, ухаалаг утас, таблет зэргийг ашиглах,

• 3 минутаас хэтрэхгүй хугацаатай байх. 3 минутаас хэтэрсэн бүтээлийг агуулгаас үл хамааран хүлээж авахгүй,

• Яриа, текст, тайлбар аль болох оруулахгүй байх,

• Өмнө нь олон нийтийн хүртээл болоогүй, зөвхөн энэхүү кино наадамд зориулан хийсэн бүтээл байх,

• Бүтээлийг үнэлэхдээ мэргэжлийн ур чадвараас илүү санаа, агуулгыг түлхүү харгалзан үзнэ,

• Зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээл байна.

Наадамд оролцох бүтээлийн тоо:

Монгол Улсаас 3 хүртэлх бүтээл. Бүтээлийг 3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй багаар хамтарч хийх боломжтой. Зөвхөн 1 бүтээлээр оролцоно.

Японд уригдах нөхцөл:

• Тус кино наадамд Монгол Улсаас 9 хүүхэд оролцох боломжтой. Шалгарсан 3 хүртэлх шилдэг бүтээлийн эздийг “JENESYS 2023” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад урьж кино наадамд оролцуулна

• Японд очиж байгаагүй байх,

• Эхний 3 шилдэг бүтээл хийсэн хүүхдийн тоо 9 хүрэхгүй бол шилдэг гурвын дараа орсон бүтээлийн эздээс Японд урих боломжтой. Гэхдээ эхний 3 шилдэг бүтээлээс бусад бүтээлийг кино наадамд оролцуулахгүй болохыг анхаарна уу.

• Японд кино наадамд оролцох бүх зардлыг “JENESYS” хөтөлбөрийн хүрээнд Япон улс хариуцна.

• Хувийн зардлаар кино наадамд оролцох боломжгүй.

Сонгон шалгаруулалт:

• Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл СУИС-ийн Хичээлийн I байранд хүлээн авна.

• 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаруулалтын дүнг оролцогчдод утсаар мэдэгдэнэ. Түүний дараа Японы Элчин сайдын яаманд шалгарсан батламжийг гардуулж, анхны удирдамжийг өгнө.

• Кино наадмын Монгол дах зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг Соёл урлагийн их сургууль болон Японы Элчин сайдын яам хамтран хийнэ. Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Mongolian Junior Filmmakers фэйсбүүк хуудасны мэссэж хэсгээр хандаж авна уу.