Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн талаар иргэн Мэндбилиг фэйсбүүкт мим пост нийтэлсэн нь цахим хаягт халдах шалтгаан болсон эсэх, уг халдлагад Юнител компани оролцсон нь баримтаар нотлогдох ба хувь иргэн Мэндбилэг төдийгүй Монголын нийт ард иргэдийн болон үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл аюул учирсан талаар 2023 оны 9 сарын 26-нд 12:00 цагт "Юнител" компанийн төв оффис  "CENTRAL tower"-ын урд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: "2023 оны 7-р сарын 19-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар хошигносон мим пост өөрийн фейсбүүк хуудсандаа оруулсан. Гэтэл 8-р сарын эхээр огцом хандалт аваад, маш их шейрлэгдсэн.

Гэтэл 8-р сарын 09-ний өдөр надад мэйл ирсэн. Миний утас дугаар надад байсаар байтал 88024661 дугаарыг ашиглан таны нууц үгийг шинээр тохируулсныг танд мэдэгдэж байна гэдэг мэйл ирсэн. Дараа нь миний цахим хаягт холбоотой байсан мэйл хаягийг хаслаа гэдэг мэйл дахиад ирсэн.

Өөр мэйл хаягаар солилоо гэдэг мэйл бас ирсэн. Миний утас, Юнителийн дугаар надад байсаар байтал давхар ашиглаад 15 жилийн дата болон өмчийг маань хулгайлаад, дээрэмдээд авчихсан. Ингээд энэ асуудлаар Юнител компанид хүсэлт гаргасан. Хариу нь манай талаас таны дугаарыг зөвшөөрөлгүй бусдад дамжуулан болон фейсбүүкийн нууц кодыг солих үйлдэл огт хийгээгүй, та энэ хариултанд эргэлзсэн тохиолдолд төрийн болон бусад хяналтын байгууллагаар шалгуулах эрх нээлттэй бөгөөд бодит байдлыг буруугаар ойлгож, үндэслэлгүйгээр мэдээллийн хэрэгсэл, сошиал сувгаар нотолгоогүй худал мэдээлэл түгээхгүй байхад анхаарна уу гэж ирсэн.

Монголын номер 1 хүн Ерөнхийлөгчийн тухай, Монголын номер нэг корпорацийн асуудлыг улны иргэн яриад, шүүх цагдаагаар явахаар шийдэгдэх үү?

Ерөнхийлөгчийн тухай пост оронгуут яагаад Юнител компанийн дугаар ашиглаад миний хаягийг шууд дээрэмдээд авчихаж байгаа юм бэ? Эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч арай ч ийм юм хийгээгүй байлгүй дээ.

Дунд нь гуравдагч этгээд, ямар нэг ашиг сонирхол орж ирээд иргэн ба Ерөнхийлөгчийн хооронд яс хаяад муудалцуулаад байгаа юм болов уу? гэдэг хар төрж байна. Тийм бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Хамтдаа шийдье. Юнител компани, Ерөнхийлөгч бүгдээрээ нийлж байгаад энэ асуудлын үнэн мөнийг олоод шийдэх хэрэгтэй. Мөн иймэрхүү ижил төстэй асуудалтай олон хүн байгаа байх. Бүгдээрээ хамтдаа нийлээд явья. Шударга бус зүйлийн эсрэг тэмцэж, засаж залруулья. Надтай адилхан асуудалтай хүмүүсийн төлөөлөл нийлээд, Ерөнхийлөгч өөрөө юм уу төлөөлөл нь Юнител компанитай нийлээд учрыг нь олмоор байна. Энэ жижиг асуудал биш ээ. Ялангуяа сонгууль дөхөж байгаа учраас энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахад шууд оролцох боломж байхгүй юу." гэв.