Залуу хөгжмийн зохиолч Б.Одбаяр энэ онд уран бүтээл арвин, өсөлт, амжилттай яваа. Тэрээр “Гэгээн Муза-2014” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн бүтээлээрээ шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг өөрийн мэргэжлийн багш, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шараваас хүртсэн билээ. Тэгвэл саяхан зохиогдсон “Mongolian Academy Awards”-аас өөрийн ажилласан “Үргээлэг” уран сайхны киноны хөгжмөөрөө мөн л шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг хүртэж, амжилтаа бататгааад авлаа.

   Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академийн дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааны тайзнаа түүнд шагналыг нь Ардын жүжигчин, Төрийн хошой Соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гардуулсан байна. Сонирхуулахад, хөгжмийн зохиолч Оки нь хоёр жилийн өмнөх “Academy Awards”-т “Бодлын хулгайч” киноны хөгжмөөрөө нэр дэвшиж байсан ч шилдгээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Богд хаан” киноны хөгжим шалгарч байжээ. Харин энэ жилийн наадамд, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Шарга даага” киноны хөгжим нэр дэвшсэн ч залуу хөгжмийн зохиолч Окигийн “Үргээлэг” хөгжим бусдад үнэлэгдэж, шилдгээр шалгарчээ.

   Залуу уран бүтээлчийн хувьд, энэхүү хүндтэй шагналыг Монголын нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос хүртсэн нь бүр ч гайхалтай, цаашид ч олон шилдэг хэмжээний бүтээл туурвих онгод хийморь хайрласан биз ээ. Ийнхүү хөгжмийн зохиолч Оки 2014 онд тайз, дэлгэцийн төрөлд хоёуланд нь манлайлж, шилдэг амжилт үзүүллээ. Харин түүний дараагийн шилдэг бүтээл юу байх бол...