Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусдаа амьдарч буй эцэг, эхийн хүүхдийг асран хүмүүжүүлж, хүн болгохтой холбоотой хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаж байна. Хүүхдийн тэтгэмжийг төлдөггүйтэй холбоотой асуудал бий. Иймд тухайн этгээд орлогынхоо хэмжээнээс хамаарч, хүүхдийн тэтгэмж төлдөг болно. Тэтгэмж төлөхгүй байгаа эцэг, эхэд оногдуулах хариуцлагыг чангатгана" гэв.

Хүүхэд, гэр бүлтэй холбогдож буй хүчирхийллийн, үрчлэлт зэрэг бүх маргааныг дагнасан байдлаар шийддэг мэргэшсэн шүүхтэй болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ. 

Түүнчлэн "Сүүлийн 10 жилийн хугацаанд авлига, бусдыг санаатай алах, хүчиндэх тэр дотроо бага насны хүүхдийг хүчиндсэн 3,876 хүн өршөөл, уучлал, магадлангаар суллагдсан байна. Энэ дотор бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт нэг ч уучлал үзүүлээгүй. Эдгээр хүний 25 нь УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд хамрагдсан суллагдсан. Тухайн хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдсэн зургаан хүн байна.  3,870 хүн нь дахин гэмт хэрэг үйлдээгүй" гэж ярьсан юм.