Өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хэлэлцүүлгийн шийдэлд зам талбайн тохижилт, засвар хийх, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа  З.Төмөртөмөө мэдэгдсэн. Тэгвэл МХҮХ-ны гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа эерэг мэдээг дуулгая. Зам талбайн тохижилтын ажил бүрэн дуусжээ. Одоо ногоон байгууламжийн тохижилтын ажил хийгдэж байна.

 

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Ганзориг: 19-р хорооллын дунд голын хойд талын хонхорт хараагүй хүмүүс 1960-аад оноос ажиллаж, амьдарч байна. Бидний хувьд ээлээ өгсөн газар, Улаанбаатарчуудад хараагүйчүүдийн үйлдвэр байдаг газар гэдгээрээ танигдсан. Энд Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын хөгжлийн төвийн  дэргэдэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хараагүйчүүдийн Үндэсний холбоо болон бүтцийн байгууллагууд ажиллаж байна. Мөн хараагүй хүмүүсийн амьдардаг хоёр орон сууц байна. Бидний амьдрал энд л бужигнаж хөгжиж дээшилж байгаа.

Энэ тохижилтыг хийхээс өмнө шороогоороо үерийн ус их тогтдог олон жилийн асуудалтай хонхор байсныг иж бүрэн тохижилт хийж сайхан болгож өгсөнд баярлалаа.  Зураг төсөл наймдугаар сарын эхээр бэлэн болж Нийслэлийн авто замын газраас санхүүжилтийг шийдэж 50-аад машины зогсоолтойгоос гадна тусгай хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах тэмдэглэгээ бүхий зогсоолтой. Мөн цахилгаан машин цэнэглэгч, хаалт зэргийг шийдэж өгсөн. Энэ асуудалд зоригтойгоор гар бие оролцож тохижуулсан бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очир-Рэнцэн: Энэ оны тавдугаар сарын сүүлээр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө холбогдох албаны хүмүүстэй манай холбоон дээр ирж ажилласан. Энэ үеэрээ манай гадна талбайн нөхцөл байдлыг хараад энэ онд багтааж янзална гэдгээ хэлсэн. Бид энэ зун өөр хүний нэр дээрх газрынхаа нэрийг шилжүүлж, зураг төслөө батлуулах ажлыг хийсэн юм. Ингээд намрын халуун өдрүүдэд зам талбайн тохижилтын ажлаа хийж гүйцэтгэж сайхан талбайтай машины зогсоолтой боллоо. Энэхүү талбайг тохижуулахад ажилласан Нийслэлийн захирагчийн ажлын алба, авто зам ашиглалтын газрынхандаа чин сэтгэлээсээ талархлаа. Энэ хугацаанд ажил явагдахгүй багагүй хугацаа өнгөрсөн. 

Нийслэлийн Засаг даргын орлогчтойгоо бид үл ойлголцолд хүрч сошиалаар асуудал үүсгэсэн. Бүтээн байгуулалтаа хийж чадсанд туйлын баяртай байна. Автомашины зогсоолыг шийдсэн одоо эргэн тойрны ногоон байгууламж, явган зам, бусад тохижилтын ажлыг Нийслэлийн захирагчийн албанаас хийж гүйцэтгэж байна. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож ажилласан бүхий л хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье.