Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцжээ. 

Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хүрээнд хуулийн төсөл нэн яаралтай боловсруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ярилаа. 

Тэрбээр "Энэ асуудлыг урьдчилсан байдлаар Даваа гарагийн УИХ дахь Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгийн хуралдаанд танилцуулж байсан. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. 

Энэхүү хуулийн төслийн танилцуулгад дурдагдаж байгаа зарим мэдээлэл, тоо статистик нь иргэдийн сэтгэлийг түгшээж, хямрааж болзошгүй учраас мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн дэвэргэхүй, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. 

Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад

  • Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар өссөн.
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар өссөн.
  • Хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн сэтгэл түгшээсэн асуудал байгаа.

Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг олон нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог бөгөөд эсрэгээрээ энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь биднийг түгшээж байгаа юм.

Тийм учраас хамтдаа энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна" гэлээ.

ВИДЕО: