Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн  26 дугаар хороонд Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 07:04 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт  очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж  байсныг 20 минут ажиллан унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Мөн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Хилл сити” хотхоны 9/В байранд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:07 цагт очиход иргэн А-ын байранд орны матрас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 51 иргэнийг аюулгүй газарт гаргажээ.

Түүнчлэн өчигдрийн байдлаар шар өвс болон хог шатсан дуудлага Баянзүрх дүүрэгт гурав бүртгэгдэж галыг унтраажээ. Иймд иргэд гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Баянзүрх дүүргийн  33 дугаар хороо, Гачууртад шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 13:43 цагт очиход тус тоотод иргэн Б-ын 0.3 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 38 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:37 цагт очиход тус тоотод иргэн Л-ийн хашаанд 1 га орчим талбайд шар өвс, 3 метрийн урттай хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:39 цагт очиход 45 дугаар байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.