Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн оны долдугаар сар /2023.07/-д "Хасу шивэрт" рашаан сувиллын … дугаар тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл тус хэргийн эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж. Улмаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд өнөөдөр  талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэг суулт зарлаж байна. Тэрбээр гурав дахь удаагаа хийж буй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж байгаа юм. Энэ үеэр талийгаачийн аав Д.Ганбүргэд "Дэлхийд гайхагдаж байсан хүүгийн минь биед олон тооны зулгаралт байсаар байхад амиа хорлосон гэх дүгнэлт гараад байна" гэв.

Тэрбээр, Миний хүү 1 жил 6 сарын өмнө албан ажлаа гүйцэтгэж яваад Архангай аймгийн нэгэн амралтын газар хоноглох явцдаа шөнө дунд маш харамсалтайгаар нас барсан байдаг. Дөрвөн давхраас унаж амиа хорлосон гэх шүүх шинжилгээний дүгнэлтийг гаргасан. Гэтэл өндрөөс унасан гэх байдал нь баримттайгаар  нотлогдож чадахгүй байгаа юм. Бид айж сандраад явж очиход нэг охин задлан хийчихлээ. Айхгүй бол та орж болно гэхээр нь орсон.  Бороо орсон зөөлөн хөрстэй газар унасан хэрнээ тархи нь ямар айхтар задраав ээ гэж гайхсан. Ингээд хамгийн түрүүнд тэр охиноос дотор эрхтэн нь ямар байна гэж асуухад, "зүгээр байна" гэж хариулсан. Гэтэл бид нарт амиа хорлосон байна гэх хариултыг л өгөөд байгаа юм. Биед нь маш олон тооны зулгаралт байсан. Энэ нь ч шинжилгээгээр гарсан байгаа. Гэтэл тэр болгоныг нотлож чадахгүй байна. Миний хүү чинь дэлхийд гайхагдаж явсан хүн  эрдэмтэн найз нөхөд, шавьтай. Тэд нар нь энэ хэрэгт маш их санаа зовж байна.

Хамгийн сүүлд Япон улсын их сургуулиас өндрөөс унах бололцоогүй байна гэсэн хариуг өгсөн. Бид нар шинжлээд өгөөч ээ гэж хүсээгүй байхад, тэд өөрсдөө хийгээд өндрөөс унаагүй байна гэж илгээж байна. Бид шүүх шинжилгээнийхэн өндрөөс унаагүй гэдгээ нотолж чадахгүй байгаа юм чинь хамгийн сүүлчийн удаа үнэн зөвөөр хариуг нь гаргаж өгөхийг шаардаж байна. Бид цаашдаа суулт зарлана" гэлээ.