Эрүүгийн Цагдаагийн Алба-наас 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Н”, “Ш” нар нь бүлэглэн 12 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд таны түрээслүүлж буй объект, ажиллаж, амьдарч буй ойр орчинд энэ төрлийн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу дээрх хууль бус үйлдлийг зохион байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх хуулийн хариуцлагыг хуульчилсан.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэг 5.7 /Мөрийтэй тоглоом тоглох/ дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.