Монгол улс  1993 оноос хойш жилд 2 удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. Уг дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх товлолын вакцинаас ямар нэг шалтгаанаар  хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулдаг байна.

Энэ аяныг жилд 2 удаа 5 дугаар сар болон 10 саруудад зохион байгуулдаг юм. Харин энэ жилийн хувьд өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч хойшлогдож энэ сарын  26, 27-нд “Улаанбурхангүй Монгол” Дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаатай уялдуулан хугацаанд нь өөрчлөлт оржээ.

Монгол улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны 4 орны нэг болсон аж. Үүнтэй холбогдуулан дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөний  үеэр Монгол улс “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах батламж”-ийг  хүлээж авах ёслол болох юм байна.

Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөнд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний асуудал хариуцсан захирал, Номхон далайн баруун эргийн бүсийн Дархлаажуулалтын багийн ахлагч болон бусад төлөөлөгчид ирж оролцоно.

Үндэсний зөвлөгөөнд  Ерөнхий сайд  Н.Алтанхуяг оролцож батламжийг хүлээн авах юм байна. Үүний зэрэгцээ зөвлөгөөнөөр  дархлаажуулалтын үр дүн, ололт амжилтаа хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний чиглэлийг гаргах  юм. Уг зөвлөгөөнд ЭМЯ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж мөн ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан дэмжлэг үзүүлж оролцож байгаа  бөгөөд  ЖАЙКА олон улсын байгууллага, аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй төлөөлөгчид оролцох юм.