УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлөх болон хагас коксожсон нүүрс түлэх асуудлын талаар гишүүдийн асуултад Нийслэлийн дарга Х.Нямбаатар хариулт өглөө. 

Тэрбээр "Улаанбаатар хотын бондоос 177 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс авах гэж байсан. Энэ жилдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүй. Гэр хороололд цогцоор нь хороолол барих газар чөлөөлөлтийн харилцаанд нийслэлийн холбогдох албаны байгууллагууд зохион байгуулалттайгаар орж ирж айл өрхүүдийг хохироож, хууль зөрчихгүй байхаас орон сууцжуулах ажил эхэлнэ. 

Гэр хорооллыг орон сууцжуулахад нөлөөлөлд өртсөн айлуудын 65-аас дээш хувь нь зөвшөөрвөл нөхөх олговор өгөх нөхцөлтэйгөөр газрыг нь цогцоор чөлөөлнө. 

Газрын багц хуулийг хүлээнэ гэвэл энэ парламентын бүрэн эрхэд багтахгүй. Өнөөдрийн өргөн барьж буй хууль батлагдсан тохиолдолд нийслэлийн зүгээс өргөн бүрэлдэхүүнтэйгээр гэр хорооллын айл өрхүүдтэй хэлэлцээрийн ширээний ард сууна. Гэр хорооллын айлуудад бэлэн байр авах, бэлэн мөнгө авах, түрээсийн орон сууцанд орох эсвэл түрээсийн орон сууцныхаа мөнгийг авч болно гэсэн нөхцөл тавина. 

Дээрх нөхцөлүүдийн нэгэнтэй нь тохирч гэр хорооллыг цогцоор нь орон сууцжуулах хуулийг оруулж ирсэн" гэв.