Коксын үйлдвэртэй болох эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлав.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгчийн/БЭТ/ тавьсан тайланд коксын үйлдвэрийн талаар дурдсан.

Нэг нь Тавантолгой түлш компани өөрсдөө төслөө боловсруулаад "Эрдэнэс Тавантолгой" компани зөвшөөрлийг өгч, зүүн буюу Налайх дүүргийн үйлдвэр дээр нүүрсээ угаах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 40 орчим тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БЭТ зогсоосон байдалтай байгаа.

Нөгөө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж байсан, өмнө нь Эрдэнэс Тавантолгой компанид төсөл нь хэрэгжээд зөвшөөрөл авах гээд Засгийн газар болон Орчны бохирдлын үндэсний хороон дээр танилцуулга нь хийгдсэн хагас коксожсон түлшний үйлдвэрийн төсөл бий. 300 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх хагас коксожсон түлшний үйлдвэрийн төсөл санаачилсан ч барих зөвшөөрөл олгогдоогүй.

Сүүлд Б.Чойжилсүрэн сайд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар тендер зарлаж, хагас коксожсон түлшний үйлдвэрийг барих нөхцөлийг хангах асуудлыг Засгийн газарт танилцуулсан ч шийдээгүй байгаа.  Төр, хувийн хэвшлийн түншлэл болон худалдан авах ажиллагааны хуулиар урт хугацаанд хамтарч ажиллах боломжгүй. Төр, хувийн хэвшил гурван жил хүртэл хугацаанд хамтарч ажиллах боломжтой учир энэ богино хугацаанд 300 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил алга.

Цаашид төр, хувийн хэвшлийн урт хугацаанд хамтран ажиллах хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ.

Жил бүр хотын төсөвт цэвэрлэгээ, арчилгааны бага мөнгө тавигддаг. Гэвч бага хэмжээний хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг авч, цэвэрлэгээнд ашиглах боломж бүрдэхгүй байгаа юм" хэмээн ярилаа.