Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамж дахь гэрээсээ иргэн С шөнө дунд гараад алга болжээ.  

Аврах ангийн алба хаагчид энэ сарын 22-ны өдрийн 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд, уулын бэлд цасанд дарагдсан байдалтай нас барсан байсныг олж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 23-нд Халх голын сав нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 

Сүхбаатар аймгийн нутгаар баруун хойноос салхи секундэд 6-11 метр, Дорнод аймгийн нутгаар секундэд 4-9 метр, Халх голын сав газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө  Халх голын сав нутгаар -28....-33 градус, бусад хэсгээр  -24...-29 градус, өдөртөө -15....-20 градус хүйтэн байхыг сэрэмжлүүлж байна.