Өнөөдрийн /2023.11.28/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

 

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Түүний тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. 

 

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Баярсайхан нь 1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Улмаар 1999 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дамжаанд суралцсан байна. 2004 онд Удирдлагын академид нийгмийн ухааны магистр хамгаалж, 2000 онд Ирландын Даблин хотын Англи хэлний сургууль, АНУ-ын Вашингтон хотын Үндэсний их сургууль, 2006 онд Израйлын Гадаад харилцааны яамны дэргэдэх сургууль, 2012 онд АНУ-ын Хавай мужийн Хаггай олон улсын удирдлагын сургуульд суралцан тус тус мэргэжил дээшлүүлсэн.

 

Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь 1995-1997 онд​ Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, редактор, 1997-2000 онд​​ Монгол Улсын Дээд шүүхэд Хэвлэлийн төлөөлөгч, 2000-2002 онд​​ “MCS” группэд РR менежер, 2002-2004 онд ​​“Ийгл” телевизийн Борлуулалт, маркетингийн албаны дарга, 2004-2014 онд​ тус телевизийн гүйцэтгэх захирал, 2015-2016 онд Олон улсын “Пресс” клубүүдийн холбооны ерөнхийлөгч, 2016-2020 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2020 онд ​​Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос​ Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй тул санал хураахад  гишүүдийн 100 хувийн саналаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг сонгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.