Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газар хамтран “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хариуцсан төрийн байгууллага, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүрэг, хороод, сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл оролцсон. Хурлаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлын уялдаа холбоог хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан юм.

Нийслэлийн авто замын газраас замын ажил хийж буй байгууллагууд зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авалгүй  гудамж талбайд замын ажил эхлэх гэж байгаа газрууд  байвал манайд мэдэгдэх хэрэгтэй байна. Бид тухай бүрт нь арга хэмжээ авах боломжтой гэдгийг онцолсон. Нийслэлийн өмчийн харилцааны газар  “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого” бүртгэлийн дүнг танилцуулан Нийслэлийн мэдээлэл технологийн газар хэрхэн нэгдсэн мэдээллийн сантай болох талаар товч танилцуулга хийлээ. Уулзалтын үеэр оролцогсод нийтийн эзэмшлийн эд хөрөнгө статистик тоо баримтууд зөрдөг, давхар бүртгэлтэй, аль эсвэл эзэнгүй орхигдсон эд хөрөнгө олон байгааг онцолсон. Тиймээс цаашид мэдээллийн нэгдсэн санд оруулан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх талд анхаарах хэрэгтэйг гэдэгт санал нэгдэн хамтран ажиллахаар боллоо. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний талаар дагаж мөрдөх журмыг боловсруулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар боллоо.