Дэлхий дээрх найман тэрбум хүний эрхийг НҮБ-аас баталгаажуулж өгөөд 75 жилийн ойтойгоо золголоо. Хүний жам ёсны эрхийг баталгаажуулсан 30 зүйл заалттай харахад “авсаархан” мэт боловч утга санаа өргөн дэлгэр энэхүү баримт бичиг бол хүний эрхийг хамгаалах хамгийн хүчтэй  тунхаглал юм. Тиймдээ ч НҮБ-ын гишүүн орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг өдөр бүр, цаг минут тутамд чанд мөрдөн хэрэгжүүлэхийг уриалдаг.

Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгохыг уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948 оны аравдугаар сарын 10-ны өдөр баталсан. Жил бүрийн энэ өдрийг дэлхий  нийтээр  Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд түүхт ойтой давхцаж нийтээрээ хүний эрхийн мөн чанар, түүнд тусгасан хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж эрчимжүүлэх, ирэх 25 жилд ахиц дэвшил, эерэг өөрчлөлтийг бий болгох амлалт өгөх ажил өрнүүн байна.

ХЭҮК-ын мэдээлснээр манай улсад сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, хүний эрхийн асуудлаар дүгнэлт хийн, зөвлөмж гаргажээ. Монгол Улсын хүний эрхийг хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенц зохих түвшинд хүрсэн. Гэвч Монгол хүний амьдралын чанар сайжраагүй.  Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй, төсвийн хуваарилалт оновчгүйтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд хүний эрхтэй холбоотой 10469 өргөдөл гомдол ирсэн гэдгийг комиссынхон тайлагналаа.

Манай улс 2020 оны байдлаар Хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51 дүгээрт, 2023 оны байдлаар Авлигын төсөөллийн индексээр 180 орноос 116 дугаарт, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт, Хүүхдийн эрхийн индексээр 193 орноос 93 дугаарт, Жендерийн тэгш бус байдлын индексээр 195 орноос 76 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Тэрдундаа Монгол Улс хүний эрхийн индексээр дэлхийн 193 орноос 96 дугаар байрт явж байна. Үүнийг  алдаатай ч, ололт бий гэж харж байгааг парламент онцлов.

Хүний эрхийн үндэсний зөвлөлөөс гарсан заавар зөвлөмж зайлшгүй хэрэгжиж байх ёстой хэмээн үзэж 2020 онд ХЭҮК-ын хуулийг шинэчилж, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг ч баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, хүний эрхийн зөрчилтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төрийн байгууллагуудад чиглэл болгож, хүний эрхийг хамгаалах ажилд ТББ, хэвлэл, олон нийт, хувийн хэвшлийг хамтран ажиллах тогтолцоог бий болгосон гэдгийг мөн онцолж буй. Товчхондоо, хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай гэдэгт төрийн байгууллагууд санал нэгдэж байгаа.

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан ТВ-9 телевизтэй хамтарсан хэлэлцүүлэг хийхээс гадна түгээмэл тунхаглалын заалт бүрээр цуврал нийтлэл ярилцлагыг экпертүүдийн үгтэй хүргэж байгаа билээ. Бид “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар түвшинд байна вэ?”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал: Хүн бүр сурч боловсрох эрхтэй”,  “Хүний эрхийн түгээмэл тунхаглал 75 жил: Хүүхдийн эрх”, “Хүний эрхийг тунхагласан 75 жил ба Монгол Улс”, “Хүний эрхийг тунхаглаад 75 жил болсон ч...”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал: “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, "Иргэдэд эрх олгох биш дарамт болсон хууль баталсаар ирсэн" зэрэг нийтлэл сурвалжлагыг бэлтгээд байна.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа итгэл үнэмшлийн тусгал  юм. Дэлхий нийтээр айдсаас ангид, эрх чөлөөтэй, төрийн үйл хэрэгт оролцох ёстой. Үүний тулд тодорхой эрх чөлөөг хангах ёстой гэдгийг гаргаж ирснээрээ энэхүү баримт бичиг  үзэл санааны хувьсгал гэж хэлж болно. Хүн сайхан амьдрахын тулд ямар нөхцлүүд хангагдах ёстой вэ гэдгийг харуулсан алсын хараа” гэдгийг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа манай сонинд ярьсан. Харин хүний эрхийн хуульч, судлаач Л.Галбаатар “Тунхаглалын хувьд олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл заавал дагаж мөрдөх шинж агуулсан баримт бичиг хэдий ч заншлын хэм хэмжээнд тооцогддог. Товчхондоо Монгол Улсын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэх нэр нүүргүй шахуу болжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтууд бол зөвхөн наад захын жишиг хэм хэмжээ бөгөөд түүнээс дээрдүүлэн хэрэгжүүлэх ёстой. Манайд энэ наад захын хэм хэмжээний хэрэгжилт ярихад ч хүндхэн байгаа” хэмээн шүүмжлэлтэй хандсан байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой уламжлал ёсоор арванхоёрдугара сарын 10 буюу бямба гарагт тохионо. Эл өдрийг тохиолдуулан Их Хурлын дарга  Г.Занданшатар 196 тоот захирамж гаргалаа. Хүний эрхийг тунхагласан ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг энэ  сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо. Парламентын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд морин цагт эхэлнэ.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)