Нүүрсний хэргийн эхний сонсголын хэсэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар эзэмших эрх олгосон асуудлын талаар ярьсан юм. Хууль бусаар буюу Үндсэн хуулиа зөрчиж газар олголтыг хийсэн талаар шинжээч хэллээ. Энэ талаар Нүүрсний хэргийн ШИНЖЭЭЧ: Ханбогд сумын 457 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 компанид эзэмшүүлжээ дэлгэрэнгүй унших боломжтой.

Таван толгой ХК-ийг нэгдмэл ашиг сонирхолтой нөхдүүд тоночихсон юм бишүү гэх хар олон нийтэд төрөөд байна. "ЭТТ-оос алдагдсан 340 мянган тонн нүүрсийг Д.Бат-Эрдэнийн компани олборлосон юм биш үү" хэмээн зарим эрх баригчид үгээ хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:  Гэрчээр 179 хүн дуудагдсан гэсэн. Гэрчийг олон нийт нүүрсний хулгайд холбоотой юм байна гэж ойлгож байгаа. Гэрчүүдийг ажиглаж байхад хэдхэн хүн хариулж байна. Гэрчүүдийг үг хэлэх боломж олгох ёстой юм биш үү. Тухайлбал, Ерөнхий аудитор асан А.Зангад гуай, Ц.Даваацэрэн гуай яагаад сууж байгаа билээ. Буруутай юм уу, үгүй юү.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: А.Зангад гуайн хүү, Д.Дорлигжав гуайн дүү,  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү нэг нүүрсний компанитай, нэгдмэл ашиг сонирхолтой байна. Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор нь нэгдмэл сонирхолтой компани дээр нэгдээд 100 мянган тонн нүүрсний гэрээ авсан байна.

А.Зангад: Б.Энхбаяр гишүүн ээ, "Ерөнхийлөгч, Ерөнхий аудитор, Ерөнхий прокуророор ажиллаж байсан гурван хүн өөрийн хүү, дүү нараараа дамжуулаад нүүрсний гэрээ авчихсан" гээд та энэ индэрээс зарлачихлаа. Ингэж зарлах байсан бол та хүслээ биелүүлжээ. Миний хувьд 100 тонн, 1000 тонн нүүрстэй байтугай холбогдох нь байтугай нэг хүрз нүүрстэй орооцолдсон юм байхгүй. Та өрөөсгөл мэдээлэл хийлээ. Үүнийгээ залруулаарай.

Түр хорооны дарга Б.Энхбаярын дурдсан хүмүүсийн талаар тодруулбал, "Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий этгээдүүд хамтран үүсгэн байгуулжээ.  

  • АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул,
  • УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр,
  • УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо,
  • УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг,
  • УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан,
  • УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
  • УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" компанийг байгуулсан байна. 

Тус компани нь "Тавантолгой" ХК-тай 50 мянган тонн нүүрсний гэрээг сонгуулийн өмнө байгуулсан гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын үеэр тодотголоо. Олны мэддэгээр МҮДН фракц хамтран компани байгуулжээ хэмээн онцлон хэллээ.

Нүүрсний сонсгол Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалтын асуудлаар үргэлжилсэн юм. Энэ хэсэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар гэрчээр дуудагджээ. Учир нь тэд Тавантолгой ХК-тай гэрээ байгуулсан Женерал тек ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм.

Женерал тек ХХК нь Тавантолгой ХК-тай 2013 онд 100 мянган тонн нүүрсний гэрээ байгуулж, 19.2 мянган тонныг нийлүүлсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Женерал тек ХХК-ийн гэрээлсэн дүн 100 мянган тонн атлаа 19 мянган тонныг бүртгүүлсэн байна. Шинжээчийн дурдсан бүх компанийн гэрээлсэн тоо асар өндөр ч бүртгэгдсэн дүн нь хэд дахин бага байна. Нэг сая орчим тонн нүүрс хэзээ яаж гарсан, мөнгө нь хаашаа орсон талаар огт мэдээлэлгүй байна. Гэрээлсэн нүүрснүүдийн тал нь хаашаа явав? Яагаад ийм их зөрүү гарав?

Гэрч Х.Сугир: Д.Бат-Эрдэнэ гишүүн Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-ийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Өмнөговь аймгийн нийт иргэд үр ашгийг нь хүртэх ёстой. Дарга дагасан цөөхөн хүн хөлжиж, Монгол Улсын манлай, алдар уяач болдог байж болохгүй.

Тавантолгой ХК-ийг хууль журмын дагуу ажиллуулсан бол Өмнөговь аймаг Монгол Улсдаа өндөр хөгжилд хүрэх боломж байсан. Харамсалтай нь 49 хувийн төлөөлөл болох Д.Бат-Эрдэнэ гишүүн 2009 онд 451 хувийн төлөөллөөр ТУЗ-д орж ирээд компанийн удирдлагыг авч, нүүрсний 25$-ын үнийг гурван жилийн хугацаанд нэмээгүй.

ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнийн Тавантолгой транс компани Тавантолгой ХК-иас маш хямд үнээр нүүрс худалдан авч, урагшаа өндөр үнээр зарж, өөртөө давуу байдал үүсгэсэн.

Тавантолгой ХК-иас 379 мянган тонн нүүрсийг хулгайгаар гаргасан асуудал яригддаг. 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн бүрдүүлэлт Монгол Улсын гаалиас олдоогүй. Хятадын талаас зузаан материал ирүүлсэн. 2013 онд нийслэлийн прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг шалгаж, хариуцлага тооцсон бол Эрдэнэс Тавантолгой ХК-иас 340 мянган тонн нүүрс алдагдсан асуудал үүсэхгүй байсан. Үүнийг Ажнай Бат-Эрдэнийн Тавантолгой Транс ХХК олборлосон юм биш үү. Учир нь 2013 онд Тавантолгой Транс ХХК, Тавантолгой ХК-иас худалдаж авсан нүүрснээсээ 260 мянган тонн нүүрсийг илүү экспортолсоныг Сангийн яам гаргаж ирсэн байна. Энэ нүүрсийг Тавантолгой ХК эсвэл Эрдэнэс Тавантолгойгоос авсан. Өөр хаанаас авах билээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 2013 оны хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсныг ярьж байна. Үүнд тайлбар өгөх үү?

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав: Энэ Ерөнхий прокурорт танилцуулагдаагүй хэрэг байна. Би санахгүй байна. Нийслэлийн прокурор дээр хэрэгсэхгүй болсон юм байна. Прокурорын тухай хуулиар тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хэний ч нөлөөнд автахгүйгээр хэргээ шийдэж, хариуцлагыг нь өөрөө хүлээдэг.

Мөн "Тавантолгой" ХК-ийн 16 хувийг эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр компани ил боллоо.

“Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.6 тонныг нийлүүлжээ. Их Британи улсад үүсгэн байгуулсан компани бөгөөд үүсгэн байгуулагч нь Сэмбээжавын Бямбажаргал. Сэмбээжавын Мөнхжаргалын төрсөн эгч аж.

“Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.5 сая тонныг нийлүүлжээ. Тус компани БНСУ-д байгуулагдсан бөгөөд Park Jong Sun 50%, Kim Dae-Woo 30%, Lee Sang-hee 20% эзэмшдэг.

“Arirang Mulsan Corp co” ХХК-ийг Монгол Улсад төлөөлөх компаниар "Тэргүүн-Оюун" ХХК-ийг бүртгүүлжээ. "Тэргүүн Оюун" ХХК нь "Сэлэнгэмаяк" гэх компанийн хувьцааг эзэмшдэг. "Сэлэнгэмаяк" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын хүү Баяр бүртгэлтэй байна.

Д.Бат-Эрдэнийн "Тавантолгой Транс" ХХК 10 сая тонн нүүрсний 1 их наядын гэрээ хийжээ.

Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, Д.Хуушаан нарын эзэмшлийн "Тавантолгой Транс" ХХК 10 сая тонн нүүрсний 300 сая ам.долларын гэрээ хийсэн. 300 сая ам.доллар нь нэг их наяд гаруй төгрөг.

Нүүрсээ ачиж авч явчхаад өр төлбөрөө барагдуулдаггүй бөгөөд нэг жилд 40-50 тэрбум төгрөгийн өр үүсгэдэг байна. Улмаар нүүрс авчхаад оронд нь бараа бүтээгдэхүүн шахах тохиолдолд байдаг аж. Тухайлбал, тус компанийн зүгээс байшин, газар өгье гэдэг саналууд иржээ. Хөрөнгүүдийн үнэлгээ хийгдэж байгаа гэдгийг шинжээч хэллээ.