Нүүрсний сонсголын гэрч Б.Ганхуягийг сонсголд оролцуулаагүй асуудал улстөржилт болон үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр өчигдөр сонсголын үеэр "Ш.Адьшаа гишүүн өчигдөр Б.Ганхуяг захирлын ар гэрийн төлөөллийг Төрийн ордонд оруулж, над руу хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэ сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй гэж сонсголыг таслан зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Адьшаа гишүүн өнөөдрийн сонсголд яригдаж, хоёр дахь сонсголд дуудагдана" гэж мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Түр хорооны даргын үгийг үгүйсгэж, түүнийг уучлалт гуйхыг шаардлаа. Тэрбээр “УИХ-аас нүүрсний хулгай луйварын талаар сонсгол хийж байна. Нүүрсний хулгай луйварт хэн хэн оролцсоныг илрүүлэхийн тулд УИХ-ын гишүүн миний бие 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, өнөөдрийн Түр хороог анх байгуулсан. Түр хороо байгуулагдсан цагаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК-д ямар хулгай луйвар гарсныг олны болоод төрийн эрх барих дээд байгууллага, хуулийн байгууллагын анхааралд оруулахын төлөө хүчин зүтгэж ажилласан.

Энд олон хулгай луйвар байгаа. Олон том хулгай, луйварыг илрүүлэхийг хүсэхгүй байна. Харин шударгаар ажилласан хүмүүсийг ор үндэсгүй гүтгэх, түүний ах дүү, төрөл төрөгсдийг нүүрсний хулгай луйвартай холбоотой мэдээллийг цацаж байгаад туйлын их харамсаж байна.

Би 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Үүнээс хойш нэг ч удаа нүүрсний хулгай, луйвартай холбогдоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Намайг жижиг Тавантолгойн сонсголд оруулна гэж Б.Энхбаяр дарга зарласан. Шинжээч нар ч мэдэгдэл өгсөн. Гэтэл оруулаагүй. Эцэст нь Б.Ганхуягийн гэр бүлийг авчирч, Төрийн ордонд мэдээлэл хийлгэсэн гэж байна. Ингэснийхээ төлөө надаас уучлалт хүсээрэй" гэлээ.