Өчигдөр 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт хүртэл өгдөг байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдэгджээ.

Иймд өнөөдрөөс эхлээд цахилгааны хязгаарлалт хийхийг ч үгүйсгэхгүй болсон талаар салбарын сайд мэдээллээ. Харин цахилгаан хязгаарласан үед хөлдөлт үүсэж болзошгүй. Энэ үед ямар арга хэмжээ авах талаар албаны хүн мэдээлэл өгөв.

"Диспетчерийн Үндэсний Төв" ТӨХХК-ийн захирал Г.Балжинням "Цахилгаан хязгаарласан үед хөлдөхгүй байх арга хэмжээг урьдчилан сэргийлж авдаг. Үүний нэг нь эрчим хүчний хязгаарлалтын хуваарь, хөтөлбөрийг гаргадаг.

Нэг хэрэглэгчийн цахилгааныг гурваас дээш цагаар хязгаарлахгүй. Хөлдөж болох газруудад зөөврийн эх үүсвэрүүдийг бэлтгэж, нөөцөд авах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбар хагас цэрэгжүүлсэн, байнгын бэлэн байдалд ажилладаг" гэв.

Иргэд хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгаж, эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа.