Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол үүсэж, улмаар иргэд олон цагаар ШТС-уудад оочерлож, шатахуун худалдан авч буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор АМГТГ-ын холбогдох албаныхан ШТС-уудын нөхцөл байдалтай танилцаж байна.

АМГТГ-ын мэргэжилтнүүд ШТС-уудаар явж бодит байдлын талаар газар дээрээс нь мэдээлэл өглөө. 

Энэ үеэр МТ шатахуун түгээх газрын ажилтан ярихдаа,  "Шатахуун хэвийн ирж байгаа ч бүх үйлчлүүлэгчид дүүргэж авч байна. Энэ нь хий хомсдол үүсэх шалтгаан болж байна. Хүмүүс бензинээ дүүргэчихээд дахиж ирснээс болж хомсдол үүсгэж байна" гэв.

АМГТГ-ын албанаас жолооч нарт хандан шатахуунаа ердийн хэрэглээндээ тохируулан авах хэрэгтэй, банкаа дүүртэл авч байгаа нь хий хомсдол үүсэх шалтгаан болж байна хэмээж буй юм. Шатахууны нөөц хэвийн байгаа ч долоо хоногийн нөөцийг гурван хоногт жолооч нар авч байгаа нь нийлүүлэлтэнд нөлөөлж байна хэмээсэн юм.