Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу цахим хуудастаа хотын дарга Х.Нямбаатартай түүний гаргасан шийдвэрийн талаар онлайн яриа өрнүүлсэн билээ.

Энэ үеэр Х.Нямбаатар сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой байр сууриа илэрхийлж, Лодой самбууд хандан Эр хүний хувьд хэлье хүнийг хүнд үед нь дэвсэх шиг муухай юм байдаггүй юм хэмээсэн билээ. 

Тэгвэл энэ талаар Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. 

Унасан хойно нь дэвслээ л гэх юм. Босоогийн босоо, ид онголзож алдаж байхад нь надаас өөр хэн “Боль оо, буруу шүү, болохгүй шүү” гэж адлуулан барин анхааруулж ил далд хэлж байсан юм? Одоо нэг их уйлан дуугараад хүн чанартны дүр эсгээд байгаа нөхөд та нар л алдааг нь мэдсээр байж хэлэхээс айж “Чи шүү, мундаг шүү, урагшаа!” гэж зусардаж онгироосоор байгаад бүр галзууруулж ангал руу түлхсэн биш үү. Энд ямар ч улс төрч, буруу ажлыг нь эсэргүүцсэн мэргэжил нэгтэн буруугүй. Бялдууч, бэртэгчин, одоо сошлд хуцалдаж байгаа шигээ жинхэнэ найз нь байж хэлж зөвлөж, хэрэгтэй цагт нь зэмлэж чадаагүй та нар буруутай.

Эрүүл ухаанаа алдаж хэм хэмжээгээ давсан өөрөө хамгийн гол буруутан. Одоо шалгуулж байна. Шалгах гээд дуудахаар ирэхгүй бол, шалгах ажиллагаанд саад учруулбал Ерөнхийлөгч байснаас нь авахуулаад ердийн нэг иргэн хэнийг ч байсан бариад л явдаг. Хуультай улс шүү дээ.

Одоохондоо Монголын Шүүх зүв зүгээр явсан хүнийг шоронд хийх хэмжээнд тултлаа доройтож, Монголчууд тийм юмыг хүлцэтлээ мунхарчихаагүй байна. Асуудалгүй бол айлтгүй. Харин наагуур нь оноо цуглуулж хэд гурван like горьдсон бэртэгчид та нар ивийлж хөөрхийлсөөр наад хүнээ бүр л том зовлон руу чирсээр байгаагаа ойлгож байна уу?

Гэмээ ухаарах боломж өгч туслаач наад хүндээ. Хүн хүнээ хатуужуулж хайрладаг болохоос шалчгануулсаар бүр шалчийгаад унангуут нь дээрээс харж өрөвдөхийг хайр биш нүгэл гэдэг юм.