Шатахууны асуудлаар холбогдох албаныхан мэдээлж байна. 

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам (УУХҮЯ), Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ) болон Монгол Улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-д шатахууны асуудлаар улирал бүр зохион байгуулдаг ээлжит уулзалтаа хийсэн.

Тус айлчлалтай холбоотойгоор дараах мэдээллийг АМГТГ-аас өгөв. 

АМГТГ-ын дарга Л.Баярмандал "Төрийн байгууллагууд болон ААН-үүдийн төлөөлөл ОХУ руу томилолтоор ажиллаж, ирэх оны нэгдүгээр улирлынхаа хангамж, шатахуун нийлүүлэлтийн асуудлыг тохирсон.

2023 оны арванхоёрдугаар сарын 16-20-ний өдрүүдэд нефть импортлогч компаниуд буюу Петровис, Шунхлай, Сод Монгол, Газ Ойл нефть, Тэс Петролиум, Монсуль компанийн гүйцэтгэх удирдлагууд болон УУХҮЯ, АМГТ-ын төлөөлөл ОХУ-д ажиллаад ирлээ.

ОХУ-ын талаас Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд  А.А.Козлов, Эрчим хүчний дэд сайд, Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн тээвэр хариуцсан орлогч дарга нар болон Роснефть, Газпром зэрэг компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар тохиролцоонд хүрсэн гол асуудал нь 2024 оны эхний улиралд

  • сар болгон 140 мянган тонн дизель түлш,
  • 90 мянган тонн АИ92 авто бензинийг худалдан авах захиалга өгөөд ОХУ-ын тал үүнийг "бүрэн нийлүүлнэ" гэдгээ мэдэгдсэн.

Монгол Улс сар болгон 110 мянган тонн дизель түлш, 55 мянган тонн бензин хэрэглэж байна.

Одоогоор нийлүүлэгдэж байгаа хангамжийг илүү сайжруулах, нөөцөө бүрдүүлэх зорилготойгоор нэмэлт захиалгууд өгч баталгаажуулсан" хэмээв. 

Үргэлжлүүлэн "ОХУ-ын шатахууны компаниуд дотроос Роснефть нь манай улсын нийт шатахуун түлшний 70 гаруй хувийг нийлүүлдэг, үлдсэн хувийг бусад компаниас авдаг. 

Энэ компаниудын сард үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээнд тулгуурлаж, Монголын талаас захиалга өгсөн, хүссэн хэмжээнд нь нийлүүлж чадна гэдгээ тэд илэрхийлсэн. 

Оросын төмөр замын зүгээс хоёр талын худалдаа хийж байгаа ААН-үүд гэрээгээ хийгээд тоо хэмжээгээ баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн график гарган бүрэн шийднэ. Ямар нэгэн сааталгүй явуулна гэдгээ мэдэгдсэн.

Ялангуяа ОХУ-ын Сибирийн хойд тал их хүйтэн байгаа. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ нь нэмэгдсэн. ОХУ-ын эдийн засаг нь зүүн тийш тэлж байгаа учраас нүүрсний экспорт маш их нэмэгдсэн гэж байгаа. Гэхдээ Монгол Улс руу тээвэрлэх графикийг асуудалгүй шийдвэрлэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн" гэлээ. 

Үр дүнг товч дүгнэвэл:

  • 2024 оны эхний улирлын захиалгаа өгч баталгаажуулсан.
  • Монголын захиалсан, хүссэн хэмжээгээр шатахуун нийлүүлнэ гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдсэн.
  • Нийлүүлэгч үйлдвэрүүдийн хуваарь гарсан нөхцөлд ОХУ-ын дотоодын төмөр замын маршрутын төлөвлөгөөг гаргаж баталж өгнө гэдгээ илэрхийлсэн.