Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт өнгөрөгч Мягмар гараг /2023.12.19/-ийн өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад Гал унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э амиа алдсан юм. 

Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан” гэсэн юм. 

Тэгвэл албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Гал унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э-г өнөөдөр /2023.12.25/ эцсийн замд үдэх ёслол Онцгой байдлын ерөнхий газарт болж байгаа ажээ.