Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ болсон билээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдын зүгээс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцох хүсэлт гаргасны дагуу хуралдаан түр завсарлаад байсан.

Тэгвэл хүсэлтийг хүлээн авснаар, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг шүүх хурлыг ирэх нэгдүгээр сарын 18 хүртэл хойшлуулан шийдвэрлэсэн байна. Мөн албан айлчлалаар явах тухай баримтыг үндэслэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд авсан хилийн хоригийг цуцалжээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга" гэсэн юм.

Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.