Өнгөрөгч есдүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоо байх гэрээсээ долоон настай хүү гарч яваад сураггүй алга болсон байдаг.

Хүүг алга болсноос дөрөв хоногийн дараа Хэрлэн голын эрэг орчмоос амиа алдсан байдалтай олсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүний үхэлд хойд эцгийг нь буруутгаж, цагдан хориод байсан.

Тэгвэл уг хэргийг Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, яллагдагч Б-д 7.6 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, долоон настай С хүүг түүний хойд эцэг болох 34 настай Б гэгчийг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний байдлын тухай хуулийг зөрчиж, түүний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсон байна.

Ташрамд дурьдахад Б гэгч нь талийгч хүүгийн ээжийнх нь хамтран амьдрагч бөгөөд хэрэг явдал болох үеэр ээж нь эзгүй нийслэл рүү явсан байсан. Хүүг ээж нь нагац ахад нь үлдээсэн ч Б гэгчийн мотоциклийн араар сууж явснаас харамсалтай хэрэг болсон байдаг.