Засгийн газрын “Авлигын эсрэг жил”-ийн акцуудад сүүлийн найман жил олонхиороо төрийн эрх барьж буй МАН-ынхан хамгийн их өртөж байна. Хөгжлийн банкийг тоносон, нүүрс хулгайлсан, БЗС-г хуурайлсан асуудлуудад энэ намынхан холбогдсон. Энэ нь дотооддоо ч асуудал үүсгэсэн.

Тэр нууц биш. 2023 онд хоёр том хулгай буюу Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар сонсгол хийлээ. Аль алиных нь үр дүн олон нийтийн сэтгэлд 100 хувь хүрээгүй ч олон жил тогтож ирсэн авлига, том хулгайн схемүүдийг илчлэв. Ер нь энэ том авлига, хулгайнуудын хохирлыг мөнгөн дүнгээр шууд тогтоох боломжгүй юм байна. Хэр зэрэг илрүүлнэ, тэр хэрээр хохирол тооцох боломжтой аж. Гол нь энэ асуудал дээр эрх баригч МАН нэрээ бодож, гишүүдээ хамгаалсангүй. Тэр хэрээр тус намд “хүн чанар”-ын асуудал ч чамгүй хөндөгдлөө. Зөрчил нь ногоон автобус, дамжаад хотын авлигын томоохон бүлэг асуудлыг ч гаргаж ирлээ. Гэхдээ энэ бүхэн муу биш. Маш сайн. Ямартай ч улс төрийн нам, албан тушаал хоёроо урдаа барьж, авлига авч, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг байсан явдал лав өнөөгийн МАН-д үгүй болж байх шиг байна.

Хамгийн чухал нь эрх баригчид ингэж өөрсдийнхнөө өмөөрч, “өнгөлөн далдлалт” хийхгүй байгаа нь улсын эдийн засагт шууд нөлөөлөв. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө “…Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ. Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.

Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин