Топ модель Э.Сэлэнгэ амьдралаа Б.Одбаяртай холбосон. Түүнд нөхөр нь гэрлэх саналаа Парист тавьж байсан юм. Хосууд хоёр жилийн өмнө хуримаа хийж, албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Тэд хоёр охинтой билээ. Тэгвэл тун удахгүй гурав дахь үрээ өлгийдөн авч бүл нэмэхээр зэхэж байна. Өдгөө хосууд гэр бүлээрээ халуун оронд аялаж, шинэ оноо угтжээ.

Загвар өмсөгч бүсгүй, "Одко бусдаас хандлагаараа ялгардаг байсан. Хүн энергиэрээ ялгардаг шүү дээ. Анх уулзаж байхад энерги нь маш их таалагддаг байсан. Гэр бүл болох сонголт хийхэд түүний хүмүүжил хамгийн их нөлөөлсөн гэж хэлж болно. Эмээ минь хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй гэдгийг өөрөөрөө үлгэрлэсэн хүн байсан. Одкотой найзлаад удаагүй байхад эмээ маань "Одкодоо битгий олон ааш гаргаж байгаарай" гэж хэлж байсан.

Бид хоёрын хувьд нэг нэгнийхээ хажууд үргэлж хамт байж, бүхий л зүйлд нь тусалж, дэмжихийг хичээдэг. Хэнтэй ч ярьдаггүй зүйлээ хоорондоо ярьдаг. Хамгийн сайн найзууд гэж хэлж болно" хэмээн нөхрийнхөө талаар ярьж байсан удаатай.