Энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хуульзүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монгол Улсын хэмжээнд төлөгдөөгүй торгуулийн хэмжээ 90 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. 50-аас дээш удаагийн зөрчилтэй 3000 гаруй хүний төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум гаруй төгрөг байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас сүүлийн таван жилийн дундажаар 111 хүн амь насаа алдаж, хэдэн мянган хүн эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, торгуулийг заавал төлүүлдэг байх нь чухал. Төлөөгүй тохиолдолд эд хөрөнгө, цалин хөлсөөс нь албадан гаргуулдаг, жолоодох эрхийг нь хасдаг, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасдаг зохицуулалт олон оронд байна. Бид гажаагүй, бусад улсын хуульд байдаг өөрчлөлтүүдийг хуульд оруулсан" гэлээ. 

Согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оноох ялын бодлого чангарсан. Тухайлбал:

2024.01.01-нээс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн хуулиар

-Согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг 1 жилээр хасаж,  400 000 төгрөгөөр торгоно эсвэл 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл онооно.

2024.01.01-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулиар

-Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурч, мансуурсан үедээ жолоо барьсан, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,  6 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно.

-Хөдөлгөөний аюулгүй байдал ,тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэж, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,  6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял онооно.

-Энэ төрлийн гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 3-5 жилээр эрх хасах, 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-3 жилийн хугацаагаар хорих ял онооно.

-Энэ төрлийн гэмт хэргээр хүний амь хохирсон бол 5-8 жилээр эрх хасах, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилээр хорих ял онооно.

-Энэ төрлийн гэмт хэргээр 2 ба түүнээс дээш хүний амь хохирсон бол 8-12 жилээр эрх хасах, 2-8 жилийн хорих ял оноох зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

2024.01.01-нээс хэрэгжсэн Зөрчлийн хуулиар

-Жолооч торгуулиа 15 хоногийн хугацаанд төлбөл 50 хувиар хөнгөлнө.

-15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ.  Нэмэгдүүлсэн торгуулийг төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийж, торгуулийг биеэр заавал төлнө.

Мөн торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй бол төрөөс авах үйлчилгээг хязгаарлана. Үүнд:

-Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийлгэх

-Жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах

-Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлана.