ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нүүрсний сонсголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил авлигатай тэмцэх ажлыг манлайлж хийсэн. Улмаар УИХ-ын 63 дугаар тогтоолын хүрээнд хийсэн нүүрсний сонсгол олны дунд хүлээлттэй байсан. Энэ сонсголыг хэрхэн зохион байгуулах, үүрэг оролцоотой байх талаар хуульд нарийн зааж өгсөн. Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалсан. Үүргээ хэрэгжүүлж байх явцдаа хууль тогтоомж зөрчсөн, эс үйлдэл хийлээ.

Нүүрсний сонсгол юу болж өнгөрсөн хийгээд олон нийтэд намайг тээврийн компанитай холбогдсон гэмт хэрэг хийсэн гэдэг мэдээлэл гаргасан учраас өнөөдөр би мэдээлэл хийж байна. Шинжээчийн дүгнэлтээр намайг тээвэр хийдэг компанитай нэгдмэл сонирхолтой гэж заралсан. УИХ-ын 63 дугаар тогтоолд нотлох баримт шинжлэн судлах гэж заасан. Өөрөөр хэлбэл, нотлох баримт танилцуулах байсан. Энэ сонсгол иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах байсан юм. Зарим нотлох баримтыг үзүүлэхгүй олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж иргэний нэр төрд халдаж байна. Төр өөрөө хууль зөрчиж байна. Зөвхөн хулгайчдыг зарлах үүрэг нээлттэй сонсголд байхгүй. Нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн үүргийг сонсголоор зохион байгуулж байгаа юм. Мөн хувь хүний нэр хүндэд халдахаас гадна тухайн компанийн нэр хүндэд халдсан гэж харж болно. Тухайн компанийг нүүрсний хулгай хийсэн мэтээр зарлах нь бизнесийн ердийн зорилгын үндсэн эрхийг зөрчиж байгаа юм. Цаашид УИХ үүн дээр анхаарах шаардлагатай байна. Тухайн үед танилцуулсан нотлох баримтын үнэн зөв эсэхийг хуралдаан даргалагч нягтлах үүрэгтэй.

Гэтэл Б.Энхбаяр гишүүн үүнийгээ хэрэгжүүлээгүй. Тиймээс Б.Энхбаяр сайдыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Улмаар шинжээч нотлох баримт танилцуулсан. Хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй. Шинжээч гаргасан дүгнэлтээ хариуцах ёстой. Шинжээчийг хуулийн байгууллагад шалгуулна. Би тухайн нүүрс тээврийн компанитай хамааралгүй болсон гэдэг нь дараагийнх нь баримтаас харагдаж байсан" гэлээ.