Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан.

Уг явдлын мөрөөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, талийгаачийн аав хүүгийнхээ төлөө хөлөө хүрэх газар тултал явна хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарч, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Задлан шинжилгээний хариу "гадны нөлөөгүй нас барсан" гэж гарчээ.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 326-р ангид амиа алдсан цэргийн шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргасан байна.