“Оюу толгой”-н гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, уурхайд угаартаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Ононхангай: Энэ сард 100 орчим уурхайчин гүний уурхайд угаартсан. 65 уурхайчин хөнгөн угаартаж, үлдсэн нь хүчилтөрөгийн аппарат зүүн, эмчилгээ хийлгэлээ. Тэд надад эмнэлгийн өрөөнийхөө зургийг ч явуулсан. Ажилчдаас авсан мэдээллээ олон нийтийн сүлжээнд мэдээлсэн.

Арга ядаж, хэвлэлийнхэнд ч хандсан. Гадаад ажилтан өрөөндөө нас барсан, галзуурсан гэх мэт тохиолдлууд байгаа. Энэ бүхнийг "Оюу толгой" компани нуудаг, мэдээлдэггүй. Ажилчдын олон нийтийн сүлжээнд тавих мэдээллийг хатуу хянана гэж сүрдүүлдэг. Тус компанид үйлдвэрчний эвлэл байхгүй. Ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагагүй гэсэн үг.

Ажилчид эрх ашгийнхаа талаар өргөдөл өгөхөөр шийдэж өгдөггүй, судалж байна л гэж хэлдэг. Амь эрстсэн, осолд орсон, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл үүссэн гэх мэт олон асуудал уурхайд гарсан" гэлээ. 

Мөн тэд “Оюутолгой ХХК нь туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байгаа монгол ажилчдын илүү цагийн хөлс, хүнд хортой нөхцөлийн нэмэгдэл олгохгүйгээс гадна ялгавартай цалин олгож байна.  Оюутолгой төслийн гүний уурхай дээр ажиллаж байгаа иргэд маш хүнд хортой нөхцөлд хөдөлмөрлөдөг. Ижил хөдөлмөрт ижил цалин олгодоггүй.

Жишээ татвал, “Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаад иргэний цалин сарынх нь 110 сая төгрөг байхад тус компанийн үндсэн ажилтан болох монгол хүний цалин 5-10 сая төгрөг. Харин туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн монгол ажилтны сарын цалин 2 сая төгрөг хүрэхгүй, зарим ажилтных нь цалин сарынх нь 745 мянган төгрөг байгаа.

Оюутолгой төслийн далд уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгыг барьж байгаа Турк улсын хөрөнгө оруулалттай “Энка глобал констракшн” компанид ажилладаг монгол ажилчдын цалин бага байгаа. Тендер шалгаруулалтад тус компани ялж, анх олон улсын жишгээр ажилчдаа цалинжуулахаар байсан ч “монгол хүн цалин өндөр байж болохгүй” гээд “Оюутолгой” компанийн зүгээс бууруулсан байдаг. Шалтгаанаа “Бусад компаниуд барьцаж байна. Бусад туслан гүйцэтгэгч компанид ажиллах монгол ажилтан олдохгүй нь” гэдэг шалтгаанаар цалинг бууруулсан болохыг албаны хүн хэлсэн. Бидний зүгээс “Оюутолгой” компани нь туслан гүйцэтгэгчээр ажил хийлгэхдээ бага хөлс төлөөд байна уу, эсвэл туслан гүйцэтгэгч нь дундаас цавчаа хийгээд байна уу гэдгийг ч мэдэх аргагүй байна. Улсын нууц гээд мэдээлэл өгдөггүй. Улсын нууц нэрийн дор “Оюутолгой” ХХК хөдөлмөрийн мөлжлөг хийж байна”  хэмээн онцлон ярьсан юм.

.