Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн хугацаанд орон нутаг дахь залуучуудын холбоог идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах олон ажлуудыг зохион байгуулсан юм. Гүйцэтгэх хорооноос хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаанууд орон нутагт давалгаалж, сумын залуусыг идэвхижүүлэх, чадавхижуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн залуучуудын холбоо өөрсдийн болон гүйцэтгэх хорооны санаачлагаар нутагтаа олон үйл ажиллагаануудыг шат дараалалтайгаар зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ сараас эхлэн Дорноговь аймгийн Залуучуудын Холбооноос “Эртэч Монгол” өглөөний уулзалтыг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит төв цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байхаар болсон юм.

Уг уулзалтынхаа үеэр аймгийнхаа нэр хүнтэй хүмүүсийг урьж оролцуулж ярилцаж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар оролцон, англи хэлийг хэрхэн сурах талаар өөрийн арга туршлагаасаа хүрэлцэн ирсэн эртэч залуустай хуваалцсан байна. Мөн Аймгийн төв номын сангаас Гадаад хэлтэй холбоотой номын үзэсгэлэн гаргаж, Англи хэлний сургалт явуулж байгаа “Universe Best Songs” наадмын ажиглагч Билл Хорбак оролцож ая дуугаа өргөн Монголын нэгэн өглөөг эртэч залуусын оюунлаг уулзалтаар эхлүүлжээ.