Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осолдож, гал гарсан.

Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын газарт ажиллаж байгаа Ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:00 орчимд Дүнжингаравын уулзвар дээр 60 тонн газ тээвэрлэж явсан машин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас газ алдаж, улмаар гал алдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

Гал унтраах ажиллагааны явцад газын ёмкос дэлбэрсний улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь эрсэдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас ослын газрыг хамгаалалтад авч, үзлэг хийж байна. Түүнчлэн газ тээвэрлэж явсан автомашины ойр орчимд байсан 60 айлын орон сууц, ойролцоох 20 орчим машин галд өртсөн.

Галд өртсөн 60 айлтай орон сууцны 46 айлтай холбоо тогтоосон. Мөн ойр орчмын 1000 гаруй цахилгааныг тасалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн. Харин галт өртөж түлэгдсэн, угаартсан 15 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байна” гэлээ.