Монголын өмгөөлөгчдийн холбооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон харамсалтай үйл явдалтай холбоотойгоор иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ. Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровоос тодрууллаа.

-Танай холбооноос яагаад энэ санаачилгыг гаргах болсон вэ?

 

-Маш харамсалтай осол болсон. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн онцгой байдлын албан хаагчдын ар гэр, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Манай гишүүн өмгөөлөгчдийн зүгээс өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн дэмжиж ажиллах талаар маш олон санаачилга гаргаж холбоондоо хандсан. Одоо тухайн хэрэг явдлаас болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, тэдгээрийн ар гэрийнхэнд хууль, эрх зүйн үүднээс хохирол нөхөн төлүүлэх, даатгалын нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд гаргуулан авах мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох уг ажиллагаанд эрхээ хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөгөө, тусламж, өмгөөллийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлага хамгийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байгаа.

 

Иймд мэргэжлийн хуульчид, өмгөөлөгчдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх асуудлуудаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаагаар туслах боломж байгаа бөгөөд үүнд гар бие оролцох хүсэлтэй байгаа талаар илэрхийлж байгаа саналыг нь харгалзан зохион байгуулалтын арга хэмжээг Монголын Өмгөөлөгчдийн холбооноос авч хэрэгжүүлж байна. Үүнд манай өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй манлайлан оролцож байгаад талархалтай байна. Тухайлбал, ”MN партнерс”, “Поларис” хуулийн фирмүүд баг бүрэлдэхүүнээрээ мөн нэр бүхийн 20 орчим өмгөөлөгч өчигдрийн байдлаар дээрх ажилд оролцохоо илэрхийлээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэх боломжтой гэж харж байгаа.

 

-Хохирсон иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

 

-Гэнэтийн хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан хэрэг асуудалд юун түрүүнд нөхөн төлбөрийн асуудал нэн тэргүүнд яригдана. Мөн даатгалын тохиолдол бий болсон эсэх, даатгалын компаниудаас нөхөн төлбөр гаргуулан авахтай холбоотой асуудлуудаар хохирсон иргэд ихэвчлэн хандах болов уу. Хэрэв дээрх асуудлуудаар хохирсон иргэд хууль, эрх зүйн үйлчилгээ туслалцаа, зөвлөгөө шаардлагатай бол Монголын Өмгөөлөгчдийн холбооны 70126861, 95266762 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

 

П.Амгалан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин