Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн “Edu Apartment" орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.  

Осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. 

Оршин суугчдын төлөөлөл “Өнөөдрийн байдлаар оршин суугчдаас 50 өрхийн 113 том хүн 51 хүүхэд "Интернэйшнл" зочид буудалд, зургаан өрхийн 10 том хүн, 10 хүүхэд "Рояал" зочид буудалд хуваагдаад орсон.

Мэдээгээр хэлэхдээ биднээс гадна "Санни таун" хотхон руу гал ороод айлуудын цонх шатсан байсан. Тэр иргэд бас хохирогчид учраас бидэнтэй адил арга хэмжээнүүд авагдаад яваасай гэж үзэж байна.

Мөн оршин суугчдын зүгээс жолоочид буруу өгөхөөс илүүтэйгээр Монгол Улсад стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн ослын улбаатай гамшгийн үйл явдал болсон гэх нэгдмэл байр суурьтай байгаа. Тиймээс ард иргэд хувь хүн рүү битгий дайраасай гэж хүсэж байна.

Гурван удаа дэлбэрэлт болсон учраас хүүхдүүд маш их цочирсон. Болохгүй байгаа гэхээс илүүтэй болж байгаа зүйлс бий. Төрийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. Бас хувийн байгууллагууд тусалж байна. Гэхдээ мэдээллүүд удаашралтай ирэх зүйл бий.

Мэдээлэл хийхдээ цөөхүүлээ байгаа шалтгаан нь зарим оршин суугчид цагдаагийн байгууллага руу мэдүүлэг өгөхөөр, зарим нь цонхны хэмжээсээ өгөх зэргээр явсан. 

Оршин суугчид хохирлын зэргээсээ хамаараад янз бүр байгаа. Нийтлэг хохирсон зүйл бол бид байр орон сууц, амьдрах орчин, аюулгүй байдлаараа хохирчхоод байна гэж үзсэн" гэлээ.