Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгааг мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байгаа аж. Энэ хугацаанд дөрвөн объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БЗД-ийн ...-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • “Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хан-Уул дүүргийн ...-р хорооны Засаг дарга “С” нь  бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.

Авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг хуульд заасны дагуу товч байдлаар олон нийтэд хүргэж буйг мэдэгдэв.