МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Баярмаа нар нэг гэрт ороод олон жил болж буй билээ. Хосууд өдгөө ОХУ-д амьдран суугаа. Үе үехэн цахим хуудастаа нөхрөө магтдаг жүжигчин бүсгүй сүүлийн жил тун чиг идэвхтэй байгаа. Герман гоо сайхны брэндийн нүүр царайгаар тодрон ажиллаж буй. Тэгвэл түүнийг нөхөр нь ийнхүү магтжээ.

“Бид нэг мөрөөдөлтэй. Миний эхнэр “Чи минь зорьсон зорилгодоо хүрэх ёстой. Үүний тулд би дэргэд чинь байх ёстой” гэж хэлдэг. Монголдоо амьдраад, кино, бусад уран бүтээлд тоглоод, ажиллах боломж байгаа ч тэр гэр бүлийнхээ, миний төлөө бүхнээ зориулахыг илүүд үздэг гэсэн. Тэр ч бүү хэл, эхнэр маань миний мэдэх бүх дуурийн уран бүтээлийг мэддэг. Учир нь, бид хамтдаа ноот цээжилдэг гээд л бод. Тэр олон ноотыг тэгж сайн цээжлэхэд тусалдаг хамгийн сайн хамтрагч нь миний гэргий.

Энэ нь надад маш их урам зориг, итгэл болдог. Ар гэр, үр хүүхдүүддээ санаа зоволгүйгээр ажлаа хийхэд сэтгэлд ямар өег байдаг гэж санана. Жүжигчнийх нь хувьд би түүнийг үргэлж дэмждэг. Ингээд л бид хамтдаа мөрөөдөл рүүгээ эрүүл хэв маягаар зүтгэж явна” гэжээ.