Нэгдүгээр сарын 24-ний 01:06 цаг орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж Онцгой байдлын гурван аврагч болон нэг энгийн иргэний аминд хүрсэн томоохон осол болсон билээ. 

Тэгвэл энэ ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б 2024.01.31-ний 10:30 цагт нас барсан харамсалтай мэдээ ирлээ. Ингэснээр галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн 2 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа нас барсан тохиолдол боллоо.

Мөн 4 хүн хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой, БЗДЭМТ-д эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарсан, 1 хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжлэн хийгдэж байна.

Тус ослын улмаас амиа алдсан нийт хүний тоо ТАВ болоод буй юм. Үүний гурав нь Онцгой байдлын аврагч бол хоёр нь энгийн иргэн.