Шүүгдэгч Э, Э нар нь согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гранд плаза" төвийн орчим буюу нийтийн эзэмшлийн гудамжинд явж байхдаа Ц, Ө, Г нарыг “харанхуй шөнө хар шил зүүлээ” гэж хэллээ гэсэн шалтгаанаар маргаан үүсгэжээ.

Ийнхүү маргалдах явцдаа шүүгдэгч Э, Э нар нь бүлэглэн Ц, Ө, Г нарыг түлхэх, цохих, татаж унагаах зэргээр тэдгээрийн биед халдсан ба Ө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн газраас Э, Э нарыг Олон нийтийн амгалан байдал алдагдуулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Олон нийтийн амгалан байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд  1 жилээс 5 жилийн хугацаагаар хорих зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тохиолдолд 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 6 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус хуульчилсан.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э, Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх