Олон улс судлаач, эдийн засагч Т.Саруулхүүтэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.


-Урд хөршид үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор эдийн засгийн хүрээнд шуугьж байна. Яг ямар хямрал үүсчихэв ээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт Хятадын коммунист намын улс төрийн товчоо хуралдсан. Өөрөөр хэлбэл Хятадыг удирдаж байгаа өндөр албан тушаалтнууд хуралдсан гэсэн үг.

Энэ хурлаараа улсдаа үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан нөхцөл байдлын асуудлыг авч хэлэлцсэн байгаа юм. Гэвч тус хурлаас эдийн засгаа өсгөх, асуудлуудыг шийдэх ямар нэгэн бодитой санал, дүгнэлт гараагүй талаар олон улсын эдийн засагчид ярьж байгаа. Эдийн засгийг нь унагааж байгаа хамгийн гол салбар бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл.

Энэ салбарын уналт Ковидын үеэс эхэлсэн гэж хэлж болно. Орон сууц, барилгын томоохон хэд хэдэн компани дампуурлаа зарласан байна.

Тухайлбал, Хятадын 280 хотод 1300 гаруй барилгын төсөл хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн аварга “Evergrande Group” нь олон улсын зах зээлээс босгосон 300 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг төлж чадахгүйд хүрч өөрийн үнэлгээний 99 хувийг алдсан байна. Тэдний Хонгконгод гаргасан бондын барьцааг Төв Хятадын Засгийн газар хангуулахгүй завааруулаад бөөн юм болж байгаа. Учир нь хоёр өөр хуультай засаглалтай. Хятадын хөрөнгийн зах сүүлийн таван жилийн доод түвшин буюу 8.7 хувьд хүртэл уналаа. Бүр 30 хувь хүрч магадгүй гэсэн тул хүчээр арилжааг Засгийн газар нь өнгөрсөн долоо хоногт түр зогсоосон. Тэр утгаараа олон улсын хөрөнгө оруулагчид Хятадад итгэхээ болиод эхэллээ. Учир нь 2021 оноос хойш Хятадын хөрөнгийн зах 7.1 триллион ам.доллар алдсан. Нөгөөтэйгүүр Британийн Capital Economics  судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр,  Хятадад  зарагдаагүй  30 сая орон  сууц байна.

-Энэ бүхэн Монголд яаж нөлөөлөх вэ. Манайхан анхаарч байгаа юу. Хятадын барилгын салбар уналтад орвол бидэнд яаж нөлөөлөх вэ?

-Хятад улсын эдийн засгийн 30-35 хувийг үл хөдлөх хөрөнгө буюу барилгын салбар бүрдүүлдэг. Гэтэл олон жилийн турш энэ салбарт явагдсан хөөсрөлтийн үр дүн өнөөдөр гарч ирлээ гэж эдийн засагчид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хаа сайгүй цементэн ширэнгэ бий болгосон нь Хятадын эдийн засгийг ийнхүү хүнд байдалд оруулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Хятадад үл хөдлөх хөрөнгийн магнат “Evergrande” компани 300 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйн улмаас дампуурлаа зарласан гэж хэлсэн. Үүний улмаас арматур төмөр, ган, коксжих нүүрсний үнэ унаж Азийн эдийн засгийн хямрал үүсэх магадлалтай болж ирлээ. Мэдээж Ази дотор бид оршин амьдарч байгаа учраас манай улс ч энэ хямралтай нүүр тулах цаг хаяанд ирлээ гэсэн үг. Нэг талаасаа бидэнд барилгын гол түүхий эдийн үнэ унаж байгаа нь сайн хэрэг ч Монгол Улсын хувьд импортоос илүү экспортдоо санаа зовох шаардлага үүслээ гэсэн үг. Гол нь нүүрс. Барилгын түүхий эд болох төмөр, арматур, ган зэрэг нь нүүрсний эрчим хүчээр л боловсруулагдана. Тэгэхээр Хятадын зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ унана гэдэг бол үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Үйлдвэрлэл зогсохоор нүүрс шаардлагагүй болно. Нүүрс шаардлагагүй болчихвол Хятад улс манайхаас авах нүүрсний хэмжээгээ огцом багасгана.

-Харин манай эдийн засаг үндсэндээ нүүрсний экспорт дээр л тогтож байгаа болохоор энэхүү хямрал хүчтэй нөлөөлнө гэсэн үг үү?

-Яг зөв. Монголын эдийн засгийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг салбар бол уул уурхай гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тэр утгаараа дэлхийн зах зээлд зэс, алт, мөнгө, нүүрс, төмөрийн үнэ унахаар манай улсын эдийн засаг огцом буурдаг шүү дээ. Ковидын дараа дөнгөж сэргэж байгаа эдийн засаг Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас болоод дахиад унаж болзошгүй болоод байна. Тиймээс төр засгийн хувьд энэхүү хямралаас эрсдэл багатай гарах арга замыг нэн яаралтай эрэлхийлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Хятадын жишээнээс харахад л эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулахуйц нөхцөл байдал манайд ч үүсэх эрсдэл бий. Дахин хэлэхэд Хятад барилгын салбарын уналтаас болоод барилгын материал тэр дундаа төмөр арматур, зэс кабелийн хэрэгцээ буурч байна. Энэ нь түрүү нь хэлсэнчлэн зэсийн болон коксжих нүүрсний хэрэгцээ буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай гол экспортын бүтээгдэхүүн буурна. Товчхондоо бид мөнгөгүй болж хэцүүднэ гэсэн үг.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯМРАЛ Ч МАНАЙ УЛСАД БИЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

-Цаашид Хятад улсын хувьд энэхүү асуудлаа яаж зохицуулах бол. Мөн манай улсын хувьд экспортын асуудлаа яаж шийдэх ёстой юм бэ?

-Хятадын хувьд өнөөгийн эрх баригчид энэхүү асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа хуралдаж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй л байна. Олон улсын судлаачид энэхүү хүндрэлтэй байдлаас гарахын тулд Хятад улс эдийн засгийн бодлогоо илүү тодорхой болгох ёстой гэж зөвлөж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл эдийн засагтаа баруун үзлийг илүү барьж явах ёстой гэсэн үг. Яг одоогийн байдлаар Хятадын эрх баригчид нэг талаараа баруун үзлээр асуудлыг зохицуулах гэж хичээж байгаа ч зарим нь зүүний үзлийг түлхүү ярьж байгаа юм билээ. Үүнээс болоод эдийн засагт нь үзэл баримтлалын зөрчилдөөн үүссэн. Тиймээс энэхүү зөрчилдөөнөөсөө гарч чадвал эдийн засгийн хүндрэлтэй асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байна. Хятад улсын энэхүү хямралын нөлөөлөл манай улсад хэдийнээ орж ирсэн. Сар бүрийн үзүүлэлтээр нүүрсний экспорт дандаа нэмэгдэлтэй гарч байсан бол одоо харьцангуй тогтворжсон байна лээ. Өөрөө хэлбэл нүүрсний экспортын нэмэгдэл зогссон гэсэн үг. Энэ байдал хэрэв удаан үргэлжилбэл нүүрсний экспорт нэмэгдэх битгий хэл доошоо унаж эхэлнэ. Тиймээс Хятад улстай энэхүү хямралыг эрсдэл багатай давахын тулд Засгийн газрын түвшинд тодорхой хэлэлцээрүүд хийх шаардлагатай байх. Алсдаа Монгол Улсын хувьд дан ганц уул уурхайн салбарт найдахгүйгээр эдийн засгийн бодлого боловсруулах төлөвлөлтөө хийх шаардлагатай. Салбар бүрд нэмүү өртөг шингэсэн үйлдвэр барих хэрэгцээ нэн чухал.