XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв. 

Түүний хувьд Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа хөгжмийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, өндөр зэрэглэлийн хөгжмийн урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийг олон улсын тайзнаа удирдан тоглуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрээ оруулсан хэмээн Ерөнхийлөгч хэллээ.

Төрийн өндөр дээд одон, медаль гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг хүртсэн Ч.Чинбатын сэтгэгдлийг сонслоо. 

МУАЖ Ч.Чинбат: Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Энэхүү сайхан шагналыг авлаа. Юуны өмнө би 48 жил ажиллаж байгаа Монгол Улсын Консерваторийнхаа багш, оюутнууд, сурагчдадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Аав минь тэнгэрээс харж байгаа. Ардын жүжигчин болно гэдэг их том хариуцлага. Аавынхаа, гэр бүлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваадаа их бахархаж байна. Ээждээ маш их баярлалаа. Биднийг ийм сайхан өсгөж, хүмүүжүүлсэнд талархаж байна. Ах, дүү нартаа их баярлалаа.

Мөн намайг дэмждэг ард иргэд, үзэгчид, сонсогчдодоо үнэхээр их баярлалаа. Та бүхний хүчээр, та бүхний алга ташилтаар, та бүхний сэтгэл оюунаар энэхүү шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Бүгдэд нь сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе. Баярлалаа.