Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Баттөмөр зохиолыг нь бичиж, найруулсан "Трио" кино Бразил Улсын Балнеариогийн олон улсын кино наадамд "Алтан шар шувуу" шагнал хүртжээ. Тус бүтээл нь дауны хам шинжтэй хүүхдийн асуудлыг хөндөж, нөгөө талаар эх, үрийн нандин холбоог хослуулан харуулснаараа онцлог бүтээл болсон юм. Гадаадын кино наадмуудад амжилттай оролцож байгаа олон ч шагнал түүж байгаа тус бүтээл нь кино урлагийн шилдэг бүтээл шалгаруулдаг "Мөнгөн мод" наадмын шилдэг киногоор шалгарсан юм.

Д.Баттөмөр жүжигчин киноныхоо талаар "Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс уран бүтээл. Анхлан “Ийм л нэг кино хийе” гэж бодож, бичиж байснаараа утга уянгын, яруухан, зөөлөн хэмнэлтэй, арт кино болсон болов уу гэж бодож байна" гэсэн юм.