Нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийж метроны төслийг санхүүжүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Метро барьж байгуулах ажлыг Засгийн газар нийслэлд хариуцуулсан. Засгийн газрын зүгээс тодорхой дэмжлэгүүд үзүүлэхээр амалсан. Метро барих туршлага бидэнд байхгүй учраас зөвлөх үйлчилгээ авна.

Эхний ээлжинд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр тусгасан. Зөвлөх үйлчилгээ авах ОУ-ын тендерээ маргааш зарлана. Метро барьж байгуулах гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг бичиг баримтаа боловсруулаад тендерийн хуулийн дагуу зарлана. Ирэх 9 дүгээр сард метро барих ААН-ийг тодруулах төлөвлөгөөтэй байна. Нэгэнт тоног төхөөрөмжөө суурилуулаад ажил эхэлчихвэл газар улирал хамаарахгүй үргэлжлэх боломжтой юм билээ. Метроны хонгил ухдаг машинтай зэрэг барилгын ажил явдаг юм билээ. 2028 оны сүүл 2029 он гэхэд метротой болно гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.