Зудын үнэлгээ болон тав хоногийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Гуравдугаар сарын 20-ны байдлаар зургаан аймгийн 20 сум мөсөн, 16 аймгийн 85 сум цагаан зудтай, 12 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.

Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна.

Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуургатай.

  • Гуравдугаар сарын 23-ны өдөр Хангайн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Гуравдугаар сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр
  • Гуравдугаар сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи

Гуравдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд говь, тал хээрийн нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хэсгээр салхи 17м/с хүрч, ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур

Гуравдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 26, 27-ноос нутгийн өмнөд хэсгээр дулаарна. Агаарын температурт өөрчлөлт багатай байна" хэмээн мэдээллээ.