Хөгжлийн банкны гэх тодотголтой олон хавтаст хэрэгт холбогдох шүүх хурал дуусч, Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцуулав.

Шүүх хурлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон байсан. Тэгвэл хэргийг дахин шалгаж үзэж, шүүхээр хэлэлцэх шаардлагатай гэж Давж заалдах шатны шүүхийн шүүгчид үзжээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг анхан шатны шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ "Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан "гахай явган нохой нүцгэн" гэдэг шиг л явж байна. 2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байв. Дархан хэргэм зэргээр бус жирийн иргэн хүнийхээ хувьд хэрэгт хандаж байв. Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ" хэмээн ярьсан байдаг.

Дашрамд дуулгахад,  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байсан юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж шийдэх юм.