Жил бүр ёсчлон тэмдэглэж, үе үеийн тамирчдадаа хүндэтгэл үзүүлдэг Монголын тамирчдын баярын өдөр өнөөдөр тохиолоо. "Тамирчдын баяр"-ыг  ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвөөс хамтран зохион байгуулсан юм.

               

Монголын спортын салбарынхан Спортын төв ордонд цуглаж, дэлхийд нэр алдраа дуурсгасан тамирчдынхаа алдрыг магтан дууллаа. Монгол улсынхаа нэр алдрыг олимп, тив, дэлхийн тэмцээнд дуурсгасан үе үеийн алдарт тамирчид биеийн тамир, спортыг сурталчилсан өглөөний алхалт хийж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, спортын парад, ёслолд оролцов.

              

Мөн энэ өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотноо Азийн кросс гүйлтийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Түүнчлэн Спортын төв ордноо Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа" тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж байгаа юм.

                

МУИС-ийн зааланд волейболын сонирхогчдын "Улсын аварга" шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Ийн тамирчдын баярын өдрийг ёслол төгөлдөр боллоо.

Х.Даваа