2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно. Тиймээс сонгогчид өөрийн хаягийн мэдээлэл болон бусад мэдээллээ шалгаж, өөрийн мэдээллээ баталгаажуулах ёстой. 

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгуулийн үеэр “Манай хаяг танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт алга” гэх асуудал их гардаг. Тиймээс мэдээллийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж цахим хуудсандаа байршуулсан.

Иргэн Та сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал шийдвэрлүүлээрэй. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино”  гэж заасан байдаг. Энд дарж хаягийн мэдээллээ шалгаарай.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ВЭ?

  • “шалгах” товчийг дарснаар Таны эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх зэрэг мэдээлэл гарна. Түүнчлэн сонгуулийн тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байр, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо гарна. Өөрөөр хэлбэл, мэдээллээ шалгахаас гадна хаана очиж саналаа өгөхөө мэдэж авна гэсэн үг.
  • Сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаяг дээр бүртгэлтэй сонгогчдын нэр гарна.
  • Таны мэдээлэл зөв бол “мэдээлэл зөв” сонголтыг хийнэ.

МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ ЯАХ ВЭ?

  • Хэрвээ Таны мэдээлэл зөрүүтэй бол аль зөрүүтэй мэдээллийн арын сумыг дарж идэвхжүүлнэ. Тухайлбал, хаяг зөрүүтэй бол “дэлгэрэнгүй хаяг” мэдээлэл, танай хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо зөрүүтэй бол “хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо” гэсэн мэдээллийн арыг идэвхжүүлнэ гэсэн үг. Ингэснээр “мэдээлэл зөрүүтэй” хэсэг улаан болж, дарахад идэвхэжнэ.
  • “мэдээлэл зөрүүтэй” хэсэг дээр дарснаар утасны дугаар, и-мэйл хаяг, нэмэлт тайлбар бичих цонх гарч ирнэ. Эдгээр цонхон дээр мэдээллээ бичиж, “илгээх” сонголт хийнэ.
  • “илгээх” сонголт хийснээр “Таны зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар … дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ. Баярлалаа” гэсэн мэдээлэл гарна. Таны мэдээллийг бүртгэлийн байгууллага шалгаж, холбогдох хариуг өгөх болно. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулж болно.