Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхлээд үргэлжилж байна. 

Энэ үеэр, Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор: Эмийн чанар муу байгаа гэдгийг улс орон даяар мэдэж байгаа. Гаднаас маш олон эм авч уудаг. Тэр нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон мөртлөө Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас эмийн сангуудаар Эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй байдаг. 

Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдаг. Герман, Францад лаагаар байдаг учраас шулуун гэдсээр хийж болдог. Үүнийг бид хүсэлт гаргаж “Монос” оруулж ирсэн боловч эмнэлгүүд нь авахгүй байсаар лаануудынх нь хугацаа дуусчихсан.  Мөн бидний уудаг эмүүд тариагаар хэрэглэх боломжтой болсон.  Таталт өгч байгаа үед эм уух боломжгүй, тариагаар хэрэглэх боломжтой. Гэвч манай улсад тарилгаар оруулж ирээгүй байна.

Элэгний B, D вирустэй хүмүүсийг төлөөлж ирсэн н.Буянтогтох: "Иргэд эрүүл мэндийнхээ төлөө төрөөс, Эрүүл мэндийн яамнаас гуйдаг зарчимд орчихлоо. Яаж байна вэ гэхээр элэгний D, B вирусээр үүсгэгдсэн иргэд амиа алдаж байна. В, Д вирустэй хүмүүст эмчилгээ гэж байдаггүй. (Entecavir) гэж эм байсан.

Элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо бий. Энэ вирусын эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ жилээс энэ эмийг даатгалд оруулангуут 45 мянган төгрөг болчихсон. Тэгэхээр чанаргүй, хямд эмийг хүчээр даатгалд оруулж үнэтэй болгоод эндээс ашиг олдог юм уу гэж би хувьдаа бодож байгаа.

В, Д вирустэй иргэд энэ эмийг 10 жил хэрэглэх шаардлага байгаа. Гэвч уг эмийг хэрэглээд эдгэрч байна уу, энэ эмийг уугаад вирус нь дарагдаж байна уу, хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Миний хувьд энэ эмийг 2014 оноос хойш 10 жил уусан. Гэтэл миний бие циррозын шатанд орчихсон.

Одоо яах вэ, эмчилгээ байна уу гээд эмч, эмнэлгийн байгууллагаас асуухаар интерферон гэж тариа бий гэдэг. Энэ тариа гаж нөлөөтэй. Гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байгаа юм бэ. энэнээс илүү чанартай мирклудекс Б (Bulevirtide)  гэдэг тариа хөрш, зэргэлдээ оронд байхад иргэддээ тарих боломж яагаад байдаггүй юм бэ. Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм, тариагаар эмчлэх гээд байгаа төр, засгийн бодлогыг гайхаж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны төлөөлөл н.Өлзийбаяр: Элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн эмийн асуудал байна. 2022 оны тоо баримтаар уг эмийг 150-160 хүн уух ёстой. Сарын дундаж хэрэглээ нь нэг сая төгрөг. Энэ эмийг хүмүүс өөрсдөө худалдаж авч ууж байгаа. Эрүүл  мэндийн даатгал болон төрөөс эмийн зардлыг хариуцахад ч оруулаагүй.

2006-2016 он хүртэл диализын нэг ч эм бүртгэгдээгүй явж байгаад бид өөрсдөө хөөцөлдөж байгаад бүртгүүлж, ууж эхэлсэн.

“Наран ижий заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа: Хорт хавдрын эмчилгээг 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухарч байгаа зүйл байна. Бүтэн хоёр жил гаруй Эмийн агентлаг, Эрүүл мэндийн яаманд хандаж, даавраас шалтгаалсан бай эмчилгээ үйлчилгээг даатгалд оруулах гэж явсан. Хоёр жил хөөцөлдөж байж арайхийн оруултал тариа нь хасагдаад орж ирсэн. Энэ тариа 1.7 сая төгрөг.

Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эсрэг эм уух гэхээр олдохгүй байна. Эмийн сангуудаас хайгаад олдохгүй байна. Дэвшилттэй сайхан эм гарч ирээд байхгүй боллоо. Яс руу үсэрхийлэхээс сэргийлдэг эм мөн хөнгөлөлттэй эмэнд оруулж өгөөгүй. 250 мянган төгрөгийн үнэтэй. Эм эмийн хэрэгслийн агентлагаас гаргаж  байгаа шийдвэр маш хүндрэлтэй, хоцрогдолтой байна.

Уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл н.Хонгор "Уналт таталтын эсрэг эм төр хариуцах эмийн жагсаалтад орсон байдаг ч түүнийг нь 18 хүртэлх насныхан л авч хэрэглэх боломжтой. Түүнээс дээш насны хүмүүс хамрагдах боломжгүй.  Өнөөдөр би өөрийнхөө уудаг эмүүдийг авч ирсэн. Сарын хэрэглээ нь 200 мянган төгрөг. БНСУ-аас авч ирж уудаг. Долоон жил ууж байгаа, улсаас нэг ч удаа хөнгөлүүлж байгаагүй.  Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан хэрнээ нэг ч эмийн сан хөнгөлөлт үзүүлж байгаагүй" гэлээ.